Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзагийн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болсныг тухайн хэсгийн менежментийг хариуцдаг “Баянзаг-Улалзах цонж” мэдээллийн төвөөс зарлалаа. Тодруулбал, Баянзагийн хөндийгөөр аялах дотоодын иргэдээс тусгай хамгаалалттай газарт нэвтэрсний хураамжид 3000 төгрөг авдаг байсныг 5000, гадаадын жуулчдынхыг 10 000-аас 15 000 төгрөг болгон нэмэхээр шийдвэрлэжээ.
Энэхүү газар нь сүүлийн үед манай улсын говийн аялал жуулчлалын гол бүсэд тооцогдох болсон. Тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн төвийнхөн хурдацтай өсөн нэмэгдэж буй жуулчдын урсгалаас үүдэлтэй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс хураамжаа нэмэх болсноо тайлбарласан. Харин тур оператор компанийнхан “Үнэ өөрчилсөн шийдвэрээ эрт танилцуулж байгаа нь сайн хэрэг ч үйлчилгээний тариф нэмэгдэх бүрд аяллын суурь зардал өсөж, олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг”-ийг дурдлаа.
Н.ДҮҮЛ