- Хот хоорондын тээврээс хоцорвол тасалбарын төлбөрийг буцааж олгохгүй гэх дүрэм үйлчилж байна
Манай улс төсвийн орлого бүрдүүлэхдээ үйлд¬вэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгч дийг дэмжих бус, иргэдийнхээ халаасыг тэмтрэх бодлого баримталж, өдөр тутмын хэрэглээнд нь суурилсан татвар, хураамжаар өөдийн нар үзүүлэхгүй дарамталдаг. Үүний тод жишээ нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, хураамж, торгууль шийтгэлийн төлбөр гэж хэлж болно. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд үүнийг төсвийн цоорхой нөхөх, бэлэн мөн¬гө төвлөрүүлэх гол суваг болгон ашиглаж, нэр, төрөл, үнийн дүнг нь хүсэл тааллаараа нэмсээр ирсэн. Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны хураамж, албан журмын даатгал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгууль, зогсоолын төлбөр гээд дурдвал авто тээврийн салбартай холбоотой мөнгөний тооцоо, санхүүгийн дарамт их. Үүн дээр нэмээд хот хоорондын тээврээр зорчигч иргэдээс хүртэл сул мөнгө “шомбодох” явуургүй бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн байна. Энэ талаар мэдээлэлгүй иргэд санамсаргүй, гэнэтийн байдлаар цаг хугацаа, эдийн засгаараа давхар хохирч, улсдаа багагүй мөнгө “хандивлах” болжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар баталсан Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэмд өөрчлөлт оруулснаар ийм “таатай” нөхцөл бүрджээ. Тодруулбал, зорчигч хот хоорондын нийтийн тээврийн автобуснаас хо¬цор¬сон тохиолдолд өмнө нь тасалбарын төлбөрийн 50 хувийг буцааж олгодог байсан бол шинэ зохицуулалтаар үүнийг хүчингүй болгожээ. Хоцорсон л бол хүндэтгэн үзэх ямар ч шалтгаантай байгаад нэмэргүй гэнэ. Энэ бол манайх шиг түгжрэлтэй, Зорчигч тээврийн төв (авто вокзал) нь замын хөдөлгөөний хамгийн ачаалалтай бүсэд байрладаг хотод хатуу шийдвэр. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар талаас нь ч харахад маш дарамттай зохицуулалт юм. Улаанбаатар хотын их түгжрэлд ажил төлөвлөх, цаг товлох ярвигтай. Хэчнээн эртэч, хувийн зохион байгуулалттай байгаад нэмэргүй үе бишгүй. Ялангуяа өглөө, оройд ажил, хичээл сургууль цуглах, тарах үе, баяр наадмын өдрүүдэд хотын зам онцгой ачаалалтай байдаг. Төрийн айлчлал, авто зам, инженерийн бай¬гууламжийн засвар шинэчлэл, осол гээд гэнэтийн зүйлсээс болж тооцоолоогүй түгжрэл үүсэх нь ч түгээмэл. Нийслэлийнхэнд өдөр тутам тулгардаг энэ л бэрхшээлүүдээс болж иргэд хот хооронд зорчигч автобуснаас хоцрох тохиолдол түгээмэл гардаг.
Харин авто тээврийн салбарын бодлого, шийдвэр гаргагчид энэ сул талыг ашиглан “мөнгө босгох” хууль, эрх зүйн зохицуулалт хийсэн бололтой. Төсөөлөөд үз дээ. Та Улаанбаатараас ДарханУул аймаг руу автобусаар зорчихоор онлайнаар урьдчилаад тасалбар захиаллаа гэж бодъё. Цагтаа амжихын тулд сайтар тооцоолоод гэрээсээ гартал зам, тээврийн ослоос болоод товлосон хугацаанаасаа таван минутаар хоцорч очжээ. Гэтэл Зорчигч тээврийн төвийн ажилтан таныг дахин тасалбар худалдан авч, нэг цаг хэртэй хүлээгээд, дараагийн унаанд суухыг санал болговол ямар санагдах вэ. Та энэ бүхний бурууг өөр дээрээ зүв зүгээр хүлээж аваад, дахиад 31 мянган төгрөгөөр тасалбар худалдаж авах уу. Магадгүй танд шинэ тасалбар худалдан авах боломж байхгүй бол яах вэ. Яаралтай ажилтай тул дараагийн автобус хүлээлгүй “жижиг тэрэг”-нд сууя гэтэл халаасан дахь мөнгө чинь хүрэлцэхгүй бол хэрхэх вэ. 200 орчим кмийн зайтай Дархан-Уул руу биш юм гэхэд хаа холын Ховд, Баян-Өлгий рүү явах гэтэл яг ийм асуудал тулгарвал яах вэ. “Хоцорсон л юм чинь дүрэм журмаа дагана аа” гээд 160-170 мянган төгрөгөөр дахин тасалбар худалдан авч, автобус явах хуваарьт өдрийг хүлээх үү. Энэ мэтчилэн тооцоолж, төлөвлөөгүй олон асуудал бидний амьдралд өдөр тутам тохиолдож байдаг. Гагцхүү энэ эрсдэлүүдээс иргэдээ хамгаалах ээлтэй, уян хатан бодлого, хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгжүүлэх нь хүнээ боддог улсад бол төрийн эн тэргүүний зорилго юм. Харин манайд бол үүний эсрэг л ажиллаж байна.
Хэн ч хуваарьт унаанаасаа хэргээр хоцрохыг бодохгүй. Хоцорсон тохиолдолд ихэвчлэн гаднын, гэнэтийн хүчин зүйлээс шалтгаалсан байдаг. Гэтэл манай улсын авто тээврийн салбарт хохирсон иргэнийхээ ха¬лаа¬сыг “сэгсэрч”, дахин хохироодог дүрэм үйлчилсээр. Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэмд оруулсан өөрчлөлтөөр тасалбар буцаах хугацаа, шимтгэлийн хувь хэмжээг ч мөн “чангатгажээ”. Автобус хөдлөхөөс 2-24 цагийн өмнө тасалбараа буцаавал 10, хоёр цагийн дотор бол улс 20 хувийн шимтгэл авах нь. Ингэж буцаахдаа бас л баахан төвөг чирэгдэл уч¬руулдгийг иргэд хэлж байна. Саяхан хот хоорондын зорчигч тээврээр үйлчлүүлсэн иргэн “Манай улсын төмөр зам, нийтийн (хот хоорондын) тээвэр үйлчилгээний хувьд маш хоцрогдсон. Хүн нь гүйцэхгүй болохоор цагтаа хөдлөхгүй, халтуурын жолоочидтой зэрэгцээд орилоод зогсчихдог. Суудал нь овоо дүүрээд ирэнгүүт сүрхий цагаа баримтлах аядаад ганц, хоёр хүнээ үлдээгээд явчихдаг. Хэрэв үнэхээр тасалбарын хүчинтэй хугацааг цагаар хэмжиж байгаа бол хуваариа яс баримтлах хэрэгтэй. “Драгон”-ы үйлчилгээний салбарыг “Номин” агуулах худалдааны төвийн хажууд байрлах авто вокзал руу шилжүүлснээс болж иргэд хуучин, шинэ зогсоолоо андуурах, хугацаа тулгаж очих, хоцрох тохиолдол их гарч байна. Жишээ нь, үүнээс болсон хохирлыг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй. Холбогдох байгуул¬лагууд нь дүрэм, журам өөрчилсөн шийдвэрээ иргэдэд нээлттэй танилцуулаад, энэ тухай мэдээллээ тогтмол хүргэж байх хэрэгтэй. Албаар төөрүүлж, торгох гээд байгаа биш л бол” гэсэн юм. Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд орон нутаг руу зорчихоор тасалбар захиалаад хохирсон өөр нэгэн иргэн “Тасалбараа онлайнаар захиалаад “Драгон” руу явах замдаа түгжирсээр яалт ч үгүй хэдэн минут хоцорчихсон. Дараагийн автобус руу шилжүүлээд өг гэтэл дахин мөнгө төлж, тасалбар ав гэсэн. Төлбөрөө буцааж авъя гэхэд ч боломжгүй гэж хариулсан.
Тогтоол, дүрэм журам яриад төлбөрийг маань буцааж өгөөгүй. Тасалбар захиалгын хуудсанд энэ талаарх санамж, анхааруулга байдаг гэсэн ч би түүнийг нь анзаараагүй. Цаг тулсан аргагүй нөхцөлд байсан тул 30 мянган төгрөгөөр тасалбар худалдан авч, дараагийн автобус хүлээлтэй нь биш гээд таксигаар орон нутаг руу явсан. Ийм шударга бус, иргэдээ дээрэлхсэн бодлого хэрэгжүүлж болохгүй шүү дээ. Хувьдаа машинтай, боломжтой, эсэхээс үл хамаараад олон хүн хот хооронд автобусаар зорчдог. Холбог¬дох байгууллагууд нь энэ зохицуулалтаа эргэж харах хэрэгтэй” хэмээсэн. Агаарын тээвэр зэрэг өндөр өртөг зардалтай, улс дамнан үйлчилгээ үзүүлдэг, суудал баталгаажуулалтын хувиас хамаараад нэгж тасалбарын үнэ өдөр өдрөөр хувьсан өөрч¬лөг¬дөж байдаг салбарт ийм хатуу дүрэм хэрэгжүүлэх шаардлагатай нь мэдээж. Харин дотооддоо хот хоорондын зорчигч тээврээр үйлчлүүлэгчдэд ингэж хатуурхах шаардлага үгүй. Иргэдийг хариуцлагажуулах үүднээс хо¬цорсон тохиолдолд тодорхой хэмжээний суут¬гал, шимтгэл авах, дараагийн унаанд шилжүүлэх, автобус хөдлөх хуваарьт цаг дөхсөн үед зорчигч ирээгүй тохиолдолд бүртгэлтэй утасны дугаараар холбогдож учир шалтгааныг тодруулах гээд хохирол багатайгаар шийдэх олон арга бий шүү дээ. Аваагүй үйлчилгээнийхээ төлөө төлбөр төлнө гэдэг иргэдэд хохиролтой, улсад л хожоотой шийдвэр. Иймд салбарын холбогдох байгууллагууд нь дээрмийн шинжтэй гэж хэлж болохуйц энэ дүрмээ эргэж харах хэрэгтэй. Авто тээврийн салбарын бод¬лого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй мэргэжлийн байгууллага гэгддэг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГынхан үүнд анхаарал хандуулах учиртай. Тасалбар захиалгын цахим хуудсандаа “хоцорвол төлбөр буцаан олгохгүй” гэсэн мэдээлэл байр¬шуулсан дүр эсгээд, иргэдэд “цагаа урьдчилан тооцож, төлөвлөж очно уу” гэж зөвлөхийн оронд бодитой өөрчлөлт хийнэ үү. Татвар, хураамжид дарлуулж зүдэрсэн иргэ¬дэд чинь торгууль шийтгэл багадаагүй шүү.
Н.МИШЭЭЛ