
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн баг (IPCC) болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC)-ноос мэдээлснээр дэлхийн дулаарлын улмаас Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хэт халалт эрчимжиж, агаар дахь чийгшил нэмэгджээ. Дулаан агаар илүү их чийг агуулдаг тул богино хугацаанд хүчтэй аадар бороо орох давтамж, эрчмийг нэмэгдүүлж, үер болон хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг өсгөдөг байна. Үүний улмаас Афганистан, Бангладеш, Энэтхэг, Пакистан, БНХАУ, Тайвань зэрэг оронд сүүлийн өдрүүдэд үер, хөрсний гулгалт, хар салхи гэх мэт гамшигт үзэгдэл тохиож, олон хүн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохиров. Тухайлбал, БНХАУ-ын өмнөд хэсгийг энэ сарын 26-27-нд дайран өнгөрсөн Ноул хар салхины улмаас Гуандун, Фүжянь зэрэг мужид их хэмжээний аадар бороо орж, 890 мянга гаруй хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Мөн тус улсын 600 гаруй гол, мөрөн аюулын түвшнийг даван үерлэснээс Чунчин хотод хөрсний гулгалт үүсэж, 11 хүн амиа алдан, 50 иргэн сураггүй алга болоод байна. Афганистаны Нуристан, Нангархар мужид энэ сарын 20-ноос эхлэн орсон аадар борооны улмаас 31 хүн амиа алдаж, олон байшин, барилга нурж, зам, гүүр сүйдэн, тариалангийн талбайнууд үерт автжээ. Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагааг өдгөө үргэлжилж буй бөгөөд цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дахин хүчтэй аадар бороо орохыг анхааруулсан байна. Мөн Энэтхэгийн Ассам мужид энэ сарын эхээр орсон хүчтэй аадар борооны улмаас 50 хүн амиа алдаж, 700 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэв. Үүгээр зогсохгүй Брахмапутра мөрөн үерлэсний улмаас 900 орчим тосгон усанд автаж, аврах ажиллагаанд цэрэг болон онцгой байдлын алба хаагчдыг дайчлаад буй гэнэ. Азиас гадна Хойд Америкт ч аянга цахилгаантай хүчтэй аадар борооны давтамж нэмэгджээ. Тухайлбал, Канадын Эдмонтон хотод энэ сарын 25-26-нд орсон аадар борооны улмаас авто замууд үерт автаж, 37 мянга гаруй өрх цахилгаангүй болжээ. Энэ нь тус хотын түүхэн дэх хамгийн их хур тунадастай зун болов. Шинжээчдийн анхааруулснаар энэ оны сүүлээр Эль Ниньо үзэгдэл эрчимжих төлөвтэй тул Азийн олон оронд аадар бороо, хар салхи дахин нүүрлэх аюултай гэнэ. Энэ нь Номхон далайн экватор орчмын усны гадаргуу хэвийн хэмжээнээс илүү халах үзэгдэл юм. Ингэснээр дэлхийн нийт агаарын урсгалыг алдагдуулж, зарим бүс нутагт хэт халж, ган, зуд үүсгэдэг бол зарим газарт агаарын чийгшлийг эрс нэмэгдүүлж, хүчтэй аадар бороо, үер болон хар салхины давтамжийг ихэсгэдэг аюултай.