
Сөүлийн гудамжинд “Seoul street 30х30” төсөл хэрэгжүүлж эхэлснийг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Үүний хүрээнд амралтын өдрүүдэд тус гудамжийг автомашингүй бүс болгон, иргэдийн амар тайван алхах боломжийг бүрдүүлэхээс гадна тэднийчөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, соёл, боловсролын олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Сөүлийн гудамжны автомашины хөдөлгөөнийг баасан гараг бүрийн 18.00 цагаас даваа гаргийн 04.00 цаг хүртэл түр хязгаарлах юм.
“Seoul street 30х30” төсөл нь бүх насныхны сонирхолд нийцсэн тогтмол хөтөлбөртэй байх аж. Тухайлбал, спортын тэмцээн, уралдаан, нээлттэй дасгал хөдөлгөөний хөтөлбөрүүд, оюуны мэдлэг, хувь хүний хөгжлийн сургалт, хэлэлцүүлэг, Монголын өв соёл, уламжлалыг сурталчлах арга хэмжээ, урлаг, хөгжмийн тоглолт, залуусын бүтээлч оролцоог дэмжсэн нээлттэй тайз, мик хүртэл ажиллуулах гэнэ. Сонирхуулахад, Монгол, БНСУ-ын найрамдалт харилцаа тогтоосны бэлгэдэл болгон Хүүхдийн 100-г 1996 оноос Сөүлийн гудамж хэмээн нэрийдэх болсон билээ.