
Газрын наймаачид, барилгаар хөлжигсөд хотын төвийн дэл сул зай талбайд эзэн суухын тулд юу ч хийхээс буцахгүйд хүрснийг баталсан нэгэн үйл явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тодруулбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Зориг агсны хөшөөг энэ сарын 1-нд буюу баасангаас бямбад шилжих шөнө Төв шуудангийн өмнөх талбайгаас Монголын ардчилсан холбоо (MоАХ)-ны хашаа руу холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар нүүлгэн шилжүүлсэн явдал болж, олон нийтийг цочирдуулав. Нийслэлийн өмчид байдаг соёлын дурсгалт өвийг хулгайгаар нүүлгэн шилжүүлсэн явдалд иргэд унтууцан бухимдаж, улс төрчид нийгмийн сүлжээнд “сайн хүн болох” ээлжит уралдаанд хүч үзэж байхтай зэрэгцэн энэ үйл явдлын эзэн холбогдогчид ч зах зухаасаа тодров. 1990 оны ардчилсан хувьсгалын тугийг өргөлцсөн улс төрийн ууган хүчний нэг “Шинэ дэвшилт холбоо” төрийн бус байгууллагынхан АН-ын гэгдэх, конторын зориулалттай хуучны ба¬рилгыг шинэчлэн барих зорилгоор уг хөшөөг түр шилжүүлэх хүсэлт ирүүлсэн гэж МоАХноос мэдэгдсэн юм. Энэ талаарх албан ёсны мэдэгдэлдээ “Сүхбаатар дүүргийн төр захиргааны байгууллага, мэргэжлийн албад тус тус хянан зөвшөөрч, түүнчлэн хөрөнгө оруулагчтай тохирсноор “Шинэ дэвшилт холбоо” өмчлөлийн барилгаа буулгаж, улмаар шинэчлэн барих шаардлагын дагуу Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөг аюулгүй газарт түр шилжүүлэн байрлуулах хүсэлтээ 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр МоАХ-нд 04/2 тоотоор ёсчлон ирүүлсэн юм. Бид зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд уран барималч Б.Дэнзэнтэй зөвшилцсөн болно” гэсэн байв.
Гэтэл “Шинэ дэвшилт холбоо”-ныхон хууль ёсны өмчлөлийн гэх уг барилгаа газартай нь “Ардчиллын өргөө” хэмээх ком¬панид хэдийн зарсан, өнөөдүүл нь оффис, үйлчилгээний зориулалттай есөн давхар барилга барихаар зэхэж буй талаарх баримтууд ил болов. Хотын өмнөх дарга Х.Нямбаатар ч МоАХ-ноос улбаатай энэ байгууллага С.Зоригийн хөшөөний газрыг зараад зогсохгүй эл дурсгалыг нүүлгэн шилжүүлж, суурин дээр нь цамхаг барихаар санаархаж эхэлсэн талаар нийгмийн сүлжээнд бичиж байжээ. Ингээд үйл явдлын учир зангилаа хөвөрсөөр хөшөөг нүүлгэн шилжүүлсэн хэргийн эзэн нь “Ардчиллын өргөө” компани байж болзошгүй гэсэн “хар зураг” гарав. Харин тус компанийн цаана “Голомт”-ын Д.Баясгалан зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс байдаг ч нийгмийн шүүмжлэлээс болгоомжлон эзэмшлээ “нааш цааш” болгож, шилжүүлсэн байх магадлалтай баримтууд ч гарч ирлээ. Үүнтэй зэрэгцээд С.Зориг агсны дүү С.Оюун “Хөшөө бол нэг гэр бүлийн, бидний өмч биш. Монголын ард түмний хандиваар боссон юм. Тиймээс энэ хөшөө анх байсан газартаа л байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол АН-ын дарга О.Цогтгэрэл “Уг хөшөө нь зүгээр нэг хувь хүний дурсгал бус, хүний эрх, эрх чөлөөний бэлгэдэл юм. 2-3 төрийн бус байгууллага хоорондоо ярьж тохи¬ролцоод нүүлгэн шилжүүлчих хэмжээний асуудал огт биш. Хөшөөг шилжүүлэхдээ С.Зориг агсны гэр бүл болон “Зориг сан”-гийнхнаас зөвшөөрөл аваагүй, мөн АН-д ч мэдэгдээгүй. Энэ нь хууль, эрх зүйн талаасаа ч, ёс зүйн хувьд ч байж боломжгүй явдал” хэмээсэн. Ийнхүү “хөшөөний хулгайн хэрэг” олон нийтийн анхааралд орсноор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвад “оноо авах” боломж тохиов. Тэрбээр “Би хотын даргаар ажиллах хугацаандаа энэ талбайд, хөшөө байрлаж буй газарт ямар нэгэн барилга, байгууламж бариулахгүй. Улаанбаатар хотын ой санамж болсон түүх, соёлын үнэт өв, хөшөө дурсгал, барилга, байгууламжид шуналын сэдлээр гар хүрдэг байдлыг халах хууль, эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээгээд холбогдох албаныханд нэг өдрийн хугацаатай үүрэг даалгавар өгснөөр нэрт улс төрчийн хөшөөг хуучин байранд нь авчруулав.
Зөрчлийн тухай хууль, Соёлын өвийг нүүлгэн шилжүүлэх, тээвэрлэх журам зөрчин, нийтийн эзэмшилд халдсан этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцож, энэ талаараа олон нийтэд мэдэгдэхийг хууль хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үүрэгдлээ. Ингээд тэр соёлын өвийг хамгаалагч хотын даргын дүрээр нийгмийн тодорхой бүлгээс талархал, сайшаал хүлээв. Амралтын өдрүүдэд өрнөсөн энэ үйл явдал хоёр зүйлийг нийгэмд тодорхой болгож, иргэд, олон нийтийн нүдийг нээлээ. Нэгдүгээрт, С.Зоригийн хөшөө нь Монголын ард түмний хандиваар боссон, нийтийн эзэмшлийн болон соёлын дурсгалт өв болохын хувьд хэн нэгэн хүн, байгууллагын өмчид хамааарахгүй гэдгийг иргэдмэдэж, ойлгож авлаа. Энэ нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар нийслэлийн өмчид хамаарах тул хотын удирдлагуудын зөвшөөрөлгүйгээр хэнбугай нь ч шилжүүлэх, зөөвөрлөх боломжгүй аж. Цаашид уг хөшөөг хүмүүс хэн нэгэнд, эсвэл аль нэг намд хамаатуулж бус, нийтийн өмч гэдэг өнцгөөс харж хандах нөхцөл бүрдэв. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын төвд газар эзэмшиж, барилга босгохын төлөөх тэм¬цэл хөшигний цаана ямар хүчтэй өрнөж байгааг энэ үйл явдал илчиллээ. Хэдийгээр эл хэрэгтэй холбоотойгоор хоёр холбоо, нэг компанийн нэр нийгэмд олзлогдсон ч үүний цаана барилгаар хөлжсөн бизнесийн бүлэглэл, улс төр¬чид намтай юутай хээтэйгээ “зодолдож” буй аж. Нэг хэсэг нь АН-ын байрыг газартай, нийтийн өмчтэй нь хувийн хэвшилд хулгайгаар худалдчихсан байж болзошгүй байхад нөгөө хэсэг нь “Ардчиллын ордныг Монголын ардчилсан холбоонд болон Монголын ардчилсан намд хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн түүхэн баримт, хууль, эрх зүйн үндэслэлүүдийг цуглуулан газрын асуудлаар шүүхэд хандсан.
Н.ДҮҮЛ