Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Намын буянд амаа тосодсон Ц.Сандаг-Очир
Хууль тогтоох дээд байгууллагад нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайхаас хоёронтоо сонгогдон ажиллаж буй Цэндийн Сандаг-Очир гишүүн богино хугацаанд төрийн өндөр албан тушаалын шатаар хурдтай өгсөж яваа нэгэн. Багануур дүүргийн Засаг дарга байхдаа 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас тус тойрогт тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы хамт нэр дэвшин багаараа сонгогдсон. Холимог тогтолцоогоор зохион байгуулсан 2024 оны сонгуульд ч Багануур, Багахангай, Налайхад дахин хоёр квоттойгоо буюу бусдаас үлэмж давуу эрхтэй орж, 12 347 хүний саналаар парламентад сонгогдоход намынх нь “унасан” зарим нөхөр “Томсгосон тойрогт миний авсан саналаас 3-4 дахин бага хэрнээ гишүүн болчихдог” хэмээн гайхан шогширч байв. Намынхаа генсектэй ойр, Шадар сайдтай шадарлаж явсных, МАН-ын “зодоон” дунд том хожоотой ажиллаж, 2025 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан өнгөрсөн дөрөвдүгээр сараас шинэ Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албыг хашиж эхэллээ. Төв аймгийн уугуул Ц.Сандаг-Очир нь 1995 онд Багануур дүүргийн 66 дугаар дунд сургуулийг төгсөн, 2000 онд “Тэнгэр” дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр дүүргэж, 2017-2018 онд Удирдлагын академид төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
2000 онд Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт IV хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээллийн ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхэлж дөрвөн жил ажиллахдаа намын ажилд идэвхтэй оролцож явсаар 2005-2008 онд дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2008- 2012, 2016-2020 онд Багануур дүүргийн Засаг дарга, 2012 оноос өнөөг хүртэл нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны даргын сонгуульт албыг хашиж байна. Дээр дурдсанчлан 2020, 2024 онд алслагдсан дүүргүүдээс УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй тэрбээр сүүлийн хоёр жилд эрх баригч намынхаа улс төрийн эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлын төлөөх эх адаггүй зөрчил, тэмцэл, талцал дунд хууль ёсыг умартан баатарлагаар ил цагаан “тулалдаж” яваа. “УИХ-ын чуулганы 2025 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, хууль дээдлэх зарчмыг, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн, түүнчлэн УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа тус хуралдааныг даргалахдаа “Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалгаж, эдгээр зөрчил гарах нөхцөл бүрдүүлснээрээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж Цэцийн их суудлын хуралдаанаар тогтоосон билээ. Төрийн эрхэд арван жил дангаар ноёрхсон МАНынхан сүүлдээ эрх мэдэл, албан тушаалаа булаалдаж, Д.Амарбаясгалангийн, Г.Занданшатарын тал гэж хоёр хуваагдан ид зодолдох үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан Ц.Сандаг-Очир гишүүн ямар “бантан” хутгасныг Б.Энхбаяр тэргүүтэй намын нөхөд нь шүүмжлэн, “Булгантуяа та нар Үндсэн хууль зөрчсөн хэргээр хамт эгүүлэн татагдах болно шүү” гэж хүртэл сануулж байсан.
Хууль тогтоогчид Үндсэн хуулиа өөрсдөө зөрчсөнийг Цэц эцэслэн тогтоосон боловч одоогоор хэн ч хариуцлага хүлээгээгүй л байна. Тэрбээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон даруйдаа “Хууль журмын дагуу хяналт, шалгалт хийж дуустал Туулын хурдны замын ажлыг зогсоолоо” хэмээн мэдэгдсэн боловч ажил хэрэг болоогүй нь хотын улс төрийн фракцын өмнө хүчин мөхөстсөнийх үү, эсвэл нийслэлийн МАН-ын хорооныхон хөшигний цаана өөр тохироотой байсных уу, мэдэхгүй. Ямартай ч сүүлдээ Ерөнхий сайд нь өөрөө оролцохоос аргагүйдэж, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт эцсийн арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн юм даг. Чуулганы танхимд үе үе поп “юм” ярьдаг ч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нэг авууштай тал нь харин хуралдаанаа огт тасалдаггүй, барагтай бол чөлөө авдаггүй, хууль тогтоох ажилдаа ирц сайтай, идэвхтэй оролцдог явдал аж. Нийгмийн даатгалын болон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг гишүүдтэй хамтран боловсруулсан нь батлагдаж, өдгөө Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэх мэт хуулийн төсөл нь УИХ-аар хэлэлцэх шатанд буй. Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Засгийн газрын хэд хэдэн сайд солигдсоны эцэст Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын үед таарч байна. АСЕМ-аас хойш тив, дэлхийн өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид манайд ийн олноороо цугласан нь үгүй. Энэхүү арга хэмжээг ямархуу зохион байгуулалттай хийхээс танай Засгийн газар төдийгүй Монгол Улсын нэр нүүр шалтгаалах учраас хичээдэг юм шүү дээ, сайд аа.
Л.АРГАМЖИН