
Шатахууны нийлүүлэлт тасалдсанаас орон нутагт аялж буй жуулчид замдаа саатах, түгээх станцуудын гадаа олон цагаар дугаарлах, хөтөлбөр, маршрутын дагуу явж чадахгүй болох, олон улсын хуваарьт нислэгээс хоцрох зэрэг эрсдэл тохиолдох болжээ. Иймд жуулчин тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй жолооч нарт боломжит хэмжээнд шуурхай үйлчлэх, тухайн ангиллын автомашиныг дараалалд удаан зогсоохгүй байх түр зохицуулалт хийхийг Монголын аялал жуулчлалын холбооноос шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд уриалав.
Монгол орны аялал жуулчлал улирлын онцлогтой бөгөөд жилд хүлээж авдаг нийт жуулчдын 70 гаруй хувь нь 6-9 дүгээр сард ирдэг. Энэ богино хугацаанд аялал жуулчлалын үйлчилгээг тасралтгүй, хэвийн үзүүлэх нөхцөлөөр хангах нь тур оператор, аяллын бизнес эрхлэгчдийн төдийгүй салбарын яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагынхны үүрэг гэдгийг тус холбооныхон онцоллоо.
Н.МИШЭЭЛ