Ерөнхий сайд Кир Стармер огцрохоор шийдсэнээ зургаадугаар сарын 22-нд зарласан юм. Тэрбээр ердөө хоёр жилийн өмнө л Британийн түүхэнд томоохон ялалт байгуулж лейбористуудыг эрх мэдэлд хүргэсэн хэрнээ намынхaа итгэлийг алдаж албаа өглөө. Стармер нь сүүлийн 10 жилд тус улсын зургаа дахь Ерөнхий сайд байв. 2016- 2026 онд эндхийн Ерөнхий сайдын ажилласан дундаж хугацаа нь хоёр жил орчим. Британийн эзэн хаан Стармерийн огцрох хүсэлтийг долоодугаар сарын 20-нд албан ёсоор хүлээн авч, шинэ Ерөнхий сайдаар Лейборист намын тэргүүнээр сонгогдоод байсан Энди Бёрнемийг томилов. Британийн улс төр дэх богино хугацаанд халагдаж солигдох үйл явц 2016 онд тус улсыг Европын Холбооноос гаргах асуудлаар бүх нийтийн санал хураасан үеэс эхтэй юм. Тухайн үеийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон огцрох болсноо маргааш нь мэдэгдсэн байна. Түүнээс хойш Ерөнхий сайд болсон Тереза Мей, Борис Жонсон, Лиз Трасс, Риши Сунак, Кир Стармер гэсэн таван хүний нэг нь ч албандаа гурваас илүү жил болоогүй. Ерөнхий сайд нар ийн ирж, яваад байдгийн учрыг олохын тулд Британийн эрх мэдлийн тогтолцоог ойлгох хэрэгтэй болно. Британи нь парламентын ардчилалтай, үндсэн хуульт хаант засагтай улс юм. Британичууд Засгийн газрынхаа тэргүүний төлөө ерөөс санал өгдөггүй. Таван жилд нэг удаа болдог бүх нийтийн сонгуульд иргэд нь өөрийн тойргоос депутатад нэр дэвшигчийн төлөө л саналаа өгнө. Депутатыг мажоритар системээр сонгоно. Олонх болсон намын тэргүүн нь Ерөнхий сайд болно.
Хаан нь Засгийн газраа байгуулахыг түүнд даалгана. Тэгэхээр Ерөнхий сайдын албан тушаал хүнд бус, эрх баригч намын тэргүүнд хамаатай юм. Намын тэргүүнийг намаас сонгогдсон депутатууд хоёр хүн шалгарч үлдтэл нь шигшээд ялагчийг намын жирийн гишүүд тодруулна. 2010 оноос Британид консерваторуудын нам эрх барьж байлаа. Кэмероны дараа тэд Тереза Мейг сонгов. Урьд нь Мей Европын Холбооны гишүүн байхыг дэмжиж байсан бол улсаа түүнээс гаргах бодлого чухам түүн дээр ирэв. “Салах” нөхцөлийн талаар Мей Европын Холбоотой бараг хоёр жил ярьж тохиролцсон ч түүний саналыг парламент нь хүлээж авдаггүй. Эсэргүүцэгчид дотор намынх нь нөхөд ч байлаа. Европын Холбооноос гарах шийдвэрийг парламентаар гаргуулж чадахгүй, нам нь ч санал нийлэхгүй нь 2019 оны хавар тодорхой болсон тул огцрох болсноо Мей зарлахаас аргагүй болжээ. Европын Холбооноос улсаа гаргахын төлөө нэг гол тэмцэгч Лондон хотын захирагч асан Борис Жонсоныг Мейн оронд ажиллуулахаар намын жирийн гишүүд нь итгэл хүлээлгэж 2019 оны долоодугаар сарын 24-нд Засгийн газраа толгойлуулав. Жонсонд Мейн адил парламент олонх болсонгүй. Европын Холбооноос гарах хувилбарт бас л саад боллоо.
Тэгэхлээр нь “Европын Холбооноос гарах үйлийг дуусгая” уриан дор ээлжит бус сонгууль зарласан нь үр ашгаа өгч консерваторууд олонх болж, 2020 оны нэгдүгээр сарын 31-нд Британи Европын Холбооноос албан ёсоор гарав. Гадаад бодлогодоо Жонсон юуны урьд Украиныг дэмжиж байлаа. Гэвч түүний гаргасан нэгэн шийдвэр хууль зөрчсөн гэгдэж, үүргээ гүйцэтгэж байхдаа Ерөнхий сайд түүхэнд анх удаа ийм хэрэгт холбогдож, гаднын шахалтыг тоолгүй Жонсон огцрохоос татгалзсан ч сайд, ажилтан нийлсэн 60 гаруй хүн огцрох өргөдлөө өгсөн тул сандлаасаа зууралдах боломжгүй болж огцрох тухайгаа 2022 оны долоодугаар сарын 7-нд зарлав. Жонсоны дараа намын дотоодод хөөцөлдөөн эхэлж Гадаад харилцааны сайд хатагтай Лиз Трасс, Сангийн сайд Риши Сунак нар тунаж үлдэв. Трассын төлөө намынх нь 81 мянган гишүүн саналаа өгч 2022 оны есдүгээр сарын 6-нд хатан хаан II Елизавета түүнийг Ерөнхий сайдаар батламжиллаа. Хоёр хоноод хатан хаан тэнгэрт халив. Трасс татвар бууруулж, гол амлалтаа биелүүлэв. Гэлээ ч тэрбээр Британийн түүхэнд Ерөнхий сайдын суудалд хамгийн богино буюу ердөө 49 өдөр суусан юм. Дараа нь Сангийн сайд Риши Сунакаас өөр Ерөнхий сайдаар нэрийг нь дэвшүүлчих хүн консерваторуудад олдсонгүй. Шинэхэн хаан III Карл 2022 оны аравдугаар сарын 25-нд түүнийг Ерөнхий сайдад өргөмжилж тус улс нэг жилд сонгууль хийлгүйгээр гурав дахь Ерөнхий сайдаа “боож авлаа”.
Тэрбээр инфляцыг алга болгож, эдийн засгийг өсгөн, улсын өр, эмнэлгүүдэд дарааллыг багасгаж, Ла-Маншийн хоолойгоор хууль бус цагаач зөөдөг завинуудын урсгалыг зогсоох таван гол зорилт дэвшүүлэв. Өрнөдийн орнуудаас анхлан Украинд танк нийлүүлэхээ амлалаа. 2024 оны хавар ээлжит бус сонгууль явуулахаар зарлажээ. Гэвч энэ шийдвэр нь алдаа болж, 2024 оны долоодугаар сард консерваторууд 365 суудлын ердөө 121- ийг нь авч хоёр зууны түүхэнд үзээгүй ялагдлаа хүлээснээр Сунак огцорлоо. Түүний намыг бут ниргээд лейбористууд удирдагч Кир Стармертэйгээ засгийн эрхэнд гарч ирэв. Үүнийг хэвлэлүүд тус улс Стармерийн төлөө гэхээсээ илүү консерваторуудын эсрэг санал өгсөн юм хэмээн бичиж байлаа. Засгийн газар татвар нэмж, тэтгэврийнхний сууцын халаалтын төлбөрийг хорогдуулсан нь сонгогчдын төдийгүй Лейборист намын дотор сэтгэл дундуур байдлыг бий болгож, Стармерийг бодлогоо эргэж харахад хүргэв. Талийгаач санхүүч, эр эмийн харилцааны гэмт хэрэгт ихээхэн холбогдсон Жеффри Эпштейнтэй хэлхээ холбоотой байсан нь шуугиан тариад байсан Питер Мандельсоныг АНУ-д суух Элчин сайдаар томилсон нь хэл ам дэгдээсэн тул түүнийг эгүүлэн татсан нь тэртэй тэргүй чансаа нь унаад байсан Засгийн газарт нь хүчтэй цохилт болжээ. Депутатууд Стармерийг огцрохыг шаардах болсон төдийгүй 2026 оны хавар болсон орон нутгийн сонгуульд лейбористууд өвдөг шороодож нам нь Стармерийг Энди Бёрнемээр солихоор шийдэв.
Лондоны их сургуулийн профессор Тим Бейл Ерөнхий сайд нар нь ийн хурдан солигдоод байх болсныг улс төрчид хийгээд сонгогчдын хоорондын харилцаа өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж “Тэд намыг бүхэлд нь харахаасаа илүү удирдагчдыг нь үнэлэх болсон. Энэ нь парламентын бодлогыг тогтворгүй болгож байна” хэмээн дүгнэсэн байх юм. Британийн Ерөнхий сайд нарын тухай ном бичсэн түүхч Энтони Селдоны үгээр Стармер ч, түүний өмнөх Ерөнхий сайд нар ч ирээдүйгээ итгэлтэй харж, хүмүүсийн итгэлийг хүлээж чадаагүйгээс улс орон нь “гүнзгий нүхэнд орж”, Энди Бёрнем Ерөнхий сайдын хувьд унах юм бол Британийн ирээдүй бүрхэг болох” аж. Энди Бёрнем долоодугаар сарын 17-нд албан ёсоор Лейборист намын дарга боллоо. Гурван өдрийн дараа Ерөнхий сайдын суудалд суув. Энэ хүртэл Бёрнем 16 жил Парламентын гишүүн байж Тони Блэр, Гордон Браун нарын танхимд өндөр алба хашиж байгаад сүүлийн есөн жил Манчестер хотын захирагчаар ажиллажээ. Тэрбээр үе дамжсан лейборист бөгөөд 2010 онд намын хямралаас залхаж Манчестерийг удирдахаар явсан байна. Бёрнем 1970 онд төрж, эцэг, эхийнхээ нөлөөгөөр хүүхэд байхын улс төрийг сонирхох болжээ. 14 настайдаа Лейборист намын залуучуудын байгууллагад элсжээ.
17 настай байхдаа улсынхаа зарим бус нутгийг үгүйрүүлсэн хэмээн Маргарет Тэтчерийн Засгийн газрыг шүүмжилж байв. Нийгмийн шударга ёсыг эрмэлздэг болоход нь түүнд шашин нөлөөлжээ. Эцэг, эх нь католик шашинтай, хүүгээ сүмд дагуулан очиж, библи уншдаг байж. Бёрнем Кембрижийн их сургуульд элсэж англи хэл судалж, энэ үедээ ирээдүйн гэргий, Нидерландын уугуул Мари-Франс ван Хилтэй танилцав. Удалгүй Лондонд ирж “Tank сontainer world” хэвлэлийн газар сурвалжлагчаар ажиллав. 1997 онд парламентын сонгуульд Блэрийн тэргүүлсэн лейбористууд ялав. Энди ч өөдөлж, дээшилж эхэлжээ. 1990-ээд оны эцэс 2000-аад оны эхээр Бёрнем Соёлын сайдын тусгай зөвлөх байлаа. 2003-2004 онд Дотоод хэргийн сайдын хувийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. 2000-аад оны сүүлийн хагаст Дотоод хэргийн болон Эрүүлийг хамгаалах яаманд янз бүрийн алба хашиж байгаад 2008 онд Соёл, спорт, хэвлэл мэдээллийн, 2009 онд Гордон Брауны Засгийн газарт Эрүүлийг хамгаалахын сайд болсон байна. Энэ үедээ Стаффорд хотын эмнэлгүүдэд хүмүүс амиа алдах тохиолдол их байсны шалтгаан нь өвчтөнүүдэд цэвдэг ханддаг байсан явдал болохыг шалгаж илрүүлсэн нь түүний нэг том ололт байлаа. 1989 онд “Хиллсбори” цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс олноор амиа алдсаны шалтгааныг дахин мөрдөн шалгасан нь Бёрнемийн бас нэг талархал хүлээсэн санаачилга байв.
Тэгэхэд Английн цомын төлөөх өрсөлдөөн “Ноттингем Форест”, “Ливерпүүл” хоёрын хооронд болж шахцалдаан чихцэлдээний уршгаар 97 хүн амиа алдаж, 766 хүн шархадсан байдаг. Бёрнемийн хүчин чармайлтаар байгуулагдсан бие даасан комисс ажиллаж, цагдаа нарын үйлдлээс болж хөгжөөн дэмжигчид амиа алдсан, дараа нь цагдаагийн байгууллага бодит байдлыг гуйвуулж, эмх замбараагүй явдалд “Ливерпүүл”-ийн дэмжигчдийг буруутан болгосныг тогтоожээ. 2010 оны парламентын сонгуульд лейбористууд ялагдсанаар нам дотор нь даргын тухай асуудал босож ирэв. Бёрнем нэрээ дэвшүүлсэн ч авсан саналын тоогоор дөрөвдүгээрт орсон аж. 2015 онд намын даргын сонгуульд Бёрнем дахин ялагдлаа. Цаашдаа намынхаа дотоодод төвийг сахиж, зөрчил тэмцлээс хөндий байсан нь үр дүнгээ өгч 2017 онд 63 хувийн санал авч Манчестер хотын захирагчаар сонгогдов. Эндхийн төр засгийн байгууллагын олон ажилтан түүнд тоомжиргүй хандаж намын дарга болох гэж хоёр удаа оролдоод бүтээгүйдээ шаралхаж, нийслэлээс зугтахын тулд л хотын захирагч болохоор нэрээ дэвшүүлсэн юм гэцгээдэг байв. Гэлээ ч Манчестер хотын захирагчаар есөн жил болохдоо ажигч гярхай, авьяаслаг улс төрч болохоор харуулж чадсан байна. Манчестерийн хамба лам Дэвид Уокер Британийн шинэ Ерөнхий сайд хотын захирагч байхдаа өөрийн хүчтэй чанаруудын нэг болох сэтгэлийн хөдөлгөөнөө тод харуулсан нэг тохиолдлыг онцолсон байна.
Энэ чанараа ажлаа аваад ердөө хоёр долоо хонож байхдаа 2017 оны тавдугаар сарын 22-нд нэгэн концерт тоглож байхад алан хядлага болж 23 хүний амь үрэгдэж, 120 гаруй хүн шархадсан эмгэнэлт үйл явдлын үеэр гаргажээ. Амь үрэгдэгсдийн дотор хэд хэдэн хүүхэд байв. Амиа хорлогч Салман Рамаданы хийсэн эмгэнэлт хэргийн хариуцлагыг “Исламын улс” өөртөө хүлээжээ. Бёрнем энэ эмгэнэлт явдлыг мартахгүйн тулд Манчестер хотын бэлгэ тэмдэг болдог зөгийн дүрсийг бие дээрээ шивүүлсэн байна. “Энэ бол түүний хувьд эргэлт болсон үе юм. Тухайн агшинд яаж, яавал хүмүүстэй хамт байх ёстойг тэр мэддэг” гэж хамба лам хэлжээ. Хотын захирагчийн төлөөх өрсөлдөөнд оролцох хөтөлбөрийх нь нэг гол заалт нь орон гэргүй хүмүүст туслах ажил байв. 2020 он гэхэд Манчестерт хэн ч гудамжинд хонохгүй хэмээн амлав. Дөрвөн жилийн дотор гэр оронгүй хүмүүсийн тоо хоёр дахин цөөрсөн ч энэ зорилтоо биелүүлж чадсангүй. Цар тахлын үед Бёрнемийн нэр хүнд шинэ түвшинд гарав. Тэрбээр хүн амаа дэмжих талаар бодлогогүй байна хэмээн Борис Жонсоны Засгийн газрыг шүүмжилж байлаа.
Зарчимч байр суурьтай байж, консерваторуудын танхимыг ил тод шүүмжилдгийг нь үнэлж сэтгүүлчид түүнийг “Умардын хаан”, баримталж буй бодлогыг нь “манчестеризм” гэх болов. “Манчестеризм” удалгүй брэнд болж, “Умардын хаан” нэртэй шар айраг ч гарч ирсэн байна. Улмаар намынхан нь Стармерийн орыг залгах цорын ганц хүн болгож нэрийг нь дэвшүүлэв. Олон түмэнтэйгээ үг хэлээ ололцох түүний чадварыг зүүн төвийнхөн гол найдвараа болгож байна гэж Бёрнемийг дэмжигчид үзэж буй аж. Бёрнем улс орноо хэрхэн удирдахаар төлөвлөж буйгаа тайлбарлахдаа хүмүүс ус, орон сууц, эрчим хүч, тээврийн хэрэгсэл мэт гол нөөц, бүтэцдээ хүрэх боломжтой байх ёстой” гэж зургаадугаар сард хэлж байжээ. Ажил, албаа хүлээж авсан анхны өдрөө Бёрнем өөрийн гэсэн гэр оронгүй хүмүүстэй уулзаж, ядуу зүдүү байдлын талаар тэдэнтэй ярилцжээ. Үл итгэгчид Бёрнемийн удирдлагын арга барилыг одоогоор Засгийн газрын гишүүд нь тааварлахад бэрх гэлцэж байгаа аж. “Улс орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж буйг нь бид ердөө таамаглах төдий” гэж танхимынх нь нэг гишүүн хэлсэн байна. Бёрнемийг ердөө л оппортунист, популист гэж үзэж болохгүйг тэрбээр Засгийн газрыг тэргүүлэхээсээ хэдхэн өдрийн өмнө харуулж, нефть, хийн шинэ цооног өрөмдөхөөр төлөвлөж буйгаа зарласан нь Лейборист намын тунхагтай зөрчилджээ.
Байгаль хамгаалагчид үүнийг нь шүүмжилсэн ч чухам ийм арга хэмжээ авч байж л эрчим хүчний нөөцийг жирийн хүмүүст хүртээмжтэй болгож, амьдралынх нь түвшинг дээшлүүлнэ гэж Бёрнем үзсэн байна. Стармерийн Засгийн газрын зарим гишүүнийг тэрбээр ажлаас нь халсныг эртний санал зөрөлдөөнийнхөө төлөө өмнөх Ерөнхий сайдаас өшөөгөө авах оролдлого хэмээн түрүүчийн Засгийн газрын зарим ажилтан шүүмжилж, нам доторх зөрчилдөөнийг арилгах хүсэл түүнд байгаа, эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Гэтэл намын тэргүүний төлөө өрсөлдөж байсан Эд Милибэндийг Гадаад хэргийн сайдаар томилсон нь хэнтэй ч хамтран ажиллахад бэлнээ харуулсан явдал болов. Хугацааныхаа ихэнхийг шоронд өнгөрөөчихсөн хоригдлуудыг урьдчилан суллах хөтөлбөрийг азнуулж байгаагаа Бёрнем мэдэгдлээ. Ачааллаа дийлэхээ больсон шоронгуудад зай завсар гаргах үүднээс уг хөтөлбөрийг есдүгээр сард хэрэгжүүлэхээр өмнөх Засгийн газар зэхэж байжээ. Аюултай гэмт хэрэгтнүүдийг хугацаанаас нь өмнө суллах нь хэмээн олон британи хүн уг хөтөлбөрийг шүүмжилсэн байна.
Энэ хөтөлбөр онц хүнд гэмт хэрэгтнүүдэд хамаарахгүй аж. Британийн шоронгуудад одоо бараг 100 мянган хүн хоригдож байгаагийн 87 мянга нь Англи, Уэлсийн хорих газруудад байгаа юм. Хууль зүйн шинэ сайд Алекс Норрисын хэлснээр түр зогсоогоод буй хөтөлбөрөөр 700 мянган хүн суллагдахаар байжээ. Лейборист намаас сонгогдсон депутатууд Бёрнемийг дэмжихдээ Найжел Фараж болон түүний Retorm UK намын цагаачдын эсрэг, барууны популист намын газар авч буй алдар хүндийг чухам энэ хүн л зогсоож чадна гэж найдсан гэж хэлж болно. “Умардын хаан”-ы ажил, амьдралын нэгэн шинэ үе эхэлж байна. Өнөө хүртэл түүнд гадаад бодлого гээч юм бараг ямар ч үүрэг гүйцэтгэж байгаагүй бол өнөөдрөөс тэрбээр олон улсын тавцанд гарч ирлээ. Британи нь АНУ-тай нягт холбоотой, Европын ихэнх орныг бодвол түүний аюулгүй байдал нь Вашингтонтой тогтоосон хамтын ажиллагаанаас нь үлэмж хамааралтай байдаг юм. Тиймээс Трамптай илт харгалдах нь эрсдэлтэй. Стармерийн үед Лондон, Трампын харилцаа нэлээд тааруухан байв. Эхлээд Иранд цохилт өгөхөд Британийн цэргийн баазуудыг АНУ-д ашиглуулахаас татгалзсан юм. Трамп нь Британийн Ерөнхий сайдыг шүүмжилж, “Тэр ямар Уинстон Черчиль биш” гэж хэлсэн байдаг.
Тэгвэл Бёрнем хатуу хориг тавьж, бараа худалдахыг хориглосон Израилын Засгийн газарт үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгохоор төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Гаазын зурваст явуулсан Израилын цэргийн ажиллагааг Британи эхлээд дэмжиж байсны төлөө тэрбээр уучлалт хүсэв. Түүний хэлснээр Нэгдсэн хаант улсын аюулгүй байдал Украинтай салшгүй холбоотой гэнэ. Бёрнем Брюссельтэй хэрхэн харилцах тухайд одоогоор тодорхойгүй байгаа. Өнгөрсөн онд Лейборист намынхаа их хурал дээр тэрбээр улсаа Европын Холбоонд буцааж элсүүлэх хүсэлтэйгээ хэлсэн байсан. Стармерийн үед Британи, Европын Холбооны харилцаа үлэмж сайжирсан байдаг.