
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны гуравдугаар сарын 27-ны С/04 дүгээр тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2026 стандартаар тээврийн хэрэгслийн дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хэмжээг шинэчлэн тогтоосон билээ. Үүний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас тус стандарт болон Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах, техникийн зөрчлийг арилгуулах зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын арга хэмжээг зохион байгуулж буй.
Шалгалтын үеэр зөвшөөрсөн дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй мотоциклын техникийн үзлэг, оношилгоог газар дээр нь цуцалж, эд хөрөнгийг нь түр хураан авсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн мотоциклд дуу намсгагч байрлуулж, дахин оношлуулснаар замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Дээрх стандартын дагуу автомашин, мотоциклын яндангаас гарах дуу чимээний түвшин дунджаар 74 децибел байх ёстой. Гэтэл 100 децибел давсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, шөнө оройн цагаар иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж буйг Тээврийн цагдаагийн албаныхан хэлж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь зөвхөн жолооч, зорчигчдын төдийгүй бусдын аюулгүй байдлыг хангах техникийн шаардлагад бүрэн нийцсэн байх ёстойг сануулав.