
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг сайжруулах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой 220 кВ-ын хүчин чадалтай “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” уурхайн цогцолборт өчигдөр ашиглалтад орууллаа.
Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-оос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүч импортолж, өмнөд бүсийн хэрэглээг хангахын сацуу төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломж бүрдэж байна. Тус байгууламж нь 220 кВ-ын зургаан оруулга, гурван км урт цахилгаан дамжуулах агаарын шугамтай бөгөөд “Оюутолгой” уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбосон чухал дэд бүтэц болж буй аж.
Энэхүү төслийг Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Оюутолгой” ХХК, “Өвөр Монголын Эрчим хүчний групп” болон дотоодын гүйцэтгэгч компаниуд хамтран хэрэгжүүлжээ. Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2000 орчим инженер, техникийн ажилтан оролцсон байна. Эргэн сануулахад, Эрчим хүчний яам төслийг санхүүжүүлэх хүсэлтийг “Оюутолгой” компанид 2023 оны тавдугаар сард хүргүүлж, барилгын ажлыг 2024 онд эхлүүлж байв.
У.СҮРЭН