
Малайз улсад зохион байгуулсан модон бөмбөгийн 10 дахь удаагийн ДАШТ-д оролцохоор Монголоос эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг дасгалжуулагч Ж.Загас, багийн менежер, орчуулагч О.Алтанцэцэг нарын удирдлагад Перлис хотыг зорьсон. 14 орны 460 гаруй тамирчинтай өрсөлдсөн тус тэмцээнд эрэгтэйчүүдийн багийг ОУХМ Э.Энх-Алдар, эмэгтэйчүүдийнхийг ОУХМ Б.Хишигжаргал ахалжээ. Тэмцээний тоглолт халуун нартай бүгчим уур амьсгал, аадар бороо орсон цаг агаарын хүнд нөхцөлд, саад бартаа, даваа гүвээ ихтэй урт замуудад болсон аж.
Манай улс багаа шинэ, залуу тамирчдаар бүрдүүлж, ганцаарчилсан болон хос, талбайн цохилт, багийн төрөлд өрсөлдсөн юм. Тэднээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болдбаатар, эмэгтэйчүүдийнхэд Э.Аюурзана хүрэл медаль хүртэв. Энэ удаагийн тэмцээнд Индонез улсын шигшээ багийнхан дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл нийт долоон медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Малайзын тамирчид хошой алт, долоон мөнгө, нэг хүрэл медальтай удаалж, Тайванийн шигшээ хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай III, Монголын тоглогчид хоёр хүрэл медальтай IV байрт шалгарчээ. Эмэгтэйчүүдийн багийн төрөлд Уганда улсын тамирчид Малайзын шигшээг 3:0, эрэгтэйчүүдийнхэд Индонезийн баг Малайзын тоглогчдыг 2:1-ээр хожиж, дэлхийн аварга болжээ.