
Малайзын Куала-Лумпур хотод болсон хэйбол биллиардын “Champion of champions” олон улсын тэмцээнд Монголын баг оролцож, 75 орны 128 тамирчинтай дөрвөн өдрийн турш өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн чансааны VII байрт эрэмбэлэгдэж буй Азийн хошой аварга, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа шигшээ 32-т Никарагуа улсын тоглогч Карен Гарсиаг, шөвгийн 16-д БНАСАУ-ын Сое Ханыг 6:1-ээр хожиж, тэмцээнээ үргэлжлүүллээ.
Тэрбээр шигшээ наймд ХБНГУ-ын тамирчин Вероника Ивановскаяг хожиж, хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч, Олон улсын биллиард, снүүкерийн холбооноос зохион байгуулсан сонирхогчдын ДАШТ-д ес, Европын эмэгтэйчүүдийн аварга шалгаруурлах снүүкер биллиардын аварга шалгаруулах тэмцээнд дээд амжилт тогтоож, 14 удаа түрүүлсэн Бельгийн тоглогч Вэнди Жэнсийг 6:3-аар буулган авч шуугиан тарьсан юм.
Тус тэмцээнд дэлхийн шилдгүүдийг ялж, гайхалтай тоглолт үзүүлж, финалд шалгарсан нь түүний бас нэгэн онцлох амжилт байв. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНХАУ-ын тамирчин, дэлхийн аваргаар нэг бус удаа тодорсон Ши Тяньцитай өрсөлдөж, мөнгөн медаль хүртжээ. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Ши Тяньци дээрх тэмцээнд гурав дахь удаагаа аваргалж байна.