
БНХАУ нутаг дэвсгэр дээр нь байгаа жуулчид болон гадаадын иргэдийн талаарх мэдээллийг цуглуулахын тулд томоохон хэмжээний хяналтын системийг ашигладаг тухай “New York Times” сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.
"Гадаадын ажилтнуудад зориулсан динамик менежментийн платформ" хэмээн нэрлэгддэг энэхүү систем нь цагдаа нарт 2022 оны өвлийн олимпийн наадмын цанын бааз байрласан Жанжиакоу хотод гадаадын иргэдийн урсгалыг хянахад тусалжээ.
Уг системд нийтдээ Хонконг, Тайваний оршин суугчид, мөн 300 гаруй гадаадын сэтгүүлч зэрэг 12,000 хүний тухай мэдээлэл багтсан байв. Мөн мэдээллийн санд Египет, Иран, Израиль, Марокко, Пакистан, Судан улсын иргэдийн талаарх мэдээлэл багтжээ. Системд орсон хүмүүсийн зарим нь Жанжиакоу хотод хэзээ ч очиж байгаагүй аж.
"Түүнээс гадна мэдээллийн санд гадаадын оюутнууд, хятад хүнтэй суусан гадаад эхнэр/нөхөр болон 'гол хүмүүс'-ийг хянаж байсан нь Хятадын эрх баригчид нийгмийн тогтвортой байдалд заналхийлж буй идэвхтнүүд, оргодол болон бусад хүмүүсийг тодорхойлоход ихэвчлэн ашигладаг эвфемизм юм" гэж тус хэвлэлд дурджээ.
Мөн эл систем нь хүний холбоо барьсан байдлыг газрын зурагт буулгаж чаддаг аж. 20 настайдаа хамтдаа зургаа авахуулсан Пакистаны гурван иргэн мэдээллийн санд "холбогдсон" гэх файлд хэвээр үлдсэнийг жишээ болгон дурджээ.