Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-13-нд Улаанбаатар хотноо болно. Тус хурал нь Монгол Улсын шинжлэх ухаан, түүнд суурилсан мэдлэг, судалгааны үр дүнг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, соёлын дипломат бодлогыг дэмжих, үндэсний брэндийн нэр хүндийг өсгөхөд стратегийн чухал ач холбогдолтой. XII их хуралд дэлхийн 60 гаруй орны эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан, шашин, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээний 3000 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байдаг.
Тэгвэл энэ удаагийн хуралд Монгол, Япон, АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Энэтхэг, Казахстан, Узбекистан, Австри, Франц, Финланд, Герман, Итали, Испани, Британи, Швейцар зэрэг 29 орны 600 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, эрдэмшинжилгээний 528 илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Үүгээр шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалын талаарх судалгааны шинэ үр дүнг олон улсад эргэлтэд оруулах юм. Сонирхуулахад, олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг 1959 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд эдүгээ дэлхийн монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй чуулганд тооцогдох болжээ.
М.ГЭГЭЭ