Улаанбаатар хотод энэ сарын 1-нээс 2-ны 08.00 цаг хүртэл гол, усны үертэй холбоотой 14, усны ослын нэг дуудлага бүртгэгджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн байршилд үер бууж, онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг аюулгүй газарт хүргэсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчимд усанд автсан 28 айл өрхийн 107 иргэн, амралт, сувиллын газруудад эмчлүүлж байсан 77, нийт 183 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд үер буусны улмаас автомашинтай зорчиж явсан нэг том хүн, гурван хүүхэд урсаж, 11 настай хүүхэд энджээ. Ухаангүй байсан хоёр хүүхдэд яаралтай тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэснээр амийг нь аварсан байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны Рашаант, Ногоон толгойн гудамжинд үер бууж, дөрвөн айл усанд автсан тул таван хүүхэд, нэг том хүнийг аюулгүй бүсэд гарган, усыг мотопомпоор соруулжээ. Улсын хэмжээнд сүүлийн таван жилд бүртгэгдсэн усны ослоор амиа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, тэр дундаа зөвхөн долоодугаар сард 41 хувь нь эндсэн байна. Мөн усны осөлын 26 хувь нь Туул, 11 хувь нь Хэрлэн, таван хувь нь Орхон голд бүртгэгджээ. Зориулалтын бус хийлдэг гудас, тоглоом дээр хөвж байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан аж. Түүнчлэн эцэг, эхийн хараа хяналт сул байснаас бага насны хүүхэд голд эндэх тохиолдол бүртгэгдсээр байгаа юм.
ТУУЛ ГОЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДАЖ ТҮВШНИЙГ ДАВАН ҮЕРЛЭЖ БАЙНА
Туул голын усны түвшин ойрын өдрүүдэд эрс нэмэгдэж, олон жилийн дундаж үзүүлэлтийг даван үерийн аюултай хэмжээнд хүрээд буйг сав газрын хамгаалалтын захиргаанаас нь анхааруулж байна. Тус голын усны түвшин өчигдөр Зайсангийн гүүр орчимд өмнөх өдрийнхөөсөө 16 смээр нэмэгдэн 221 см-т хүрэв. Энэ нь олон жилийн дунджийг 61, үерийн түвшнийг 19 см-ээр давсан үзүүлэлт аж. Дахин 30-аад см-ээр нэмэгдвэл Туул гол нийслэлд үерийн аюултай түвшинд хүрэхээр байгааг цаг уурчид мэдээлэв. Түүнчлэн Төв аймгийн Заамар сум болон Тэрэлж, Санзайн амралт орчимд Туул гол олон жилийн дунджийг давсан, Алтанбулаг, Лүн хавьцаа хүчтэй үерлэж буйг танилцууллаа. Мөн Балж, Онон, Хэрлэн, Орхон, Идэр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна. Сөгнөгөр, Хараа (Дархан-Уул), Хэрлэн, (Мөнгөнморьт сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Орхон, Онги (Сайхан-Овоо сум), Хархираа (Тариалан сум) зэрэг гол үерийн түвшнийг 5-25 см давжээ. Иймд орон нутгийн замд зорчигчид, голын сав газарт нутаглаж, аялж, амарч буй иргэдийг үер, усны эрсдэлээс сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг Туул голын сав газрын захиргаа болон Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Мөн баталгаатай гүүр, гармаар зорчихыг зөвлөлөө.ө