Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол 2024 оны долоодугаар сард бүртгэгдсэнээс хойшөнөөг хүртэл дэгдэлт үргэлжилж буй. Өөрөөр хэлбэл, Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэйгээс уг халдвар анх дамжсанаар өчигдрийн байдлаар нийт 15 560 иргэн өвчилж, 22 хүн нас баржээ. Тэдний олонх нь бага насны хүүхэд байв. Тэгвэл нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга, халдвар судлаач нар улаанбурхны өнөөгийн нөхцөл байдал, өвчлөлийг буу-руулах, дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцжээ.
Уг халдварын тохиолдлын тоо буурсан ч өвчлөл бүртгэгдсээр байгаа тул эрсдэлийг бууруулах, халдварын тархалтыг таслан зогсоохзорилгоор дүүрэг бүрд дархлаажуулалтыг эрчимжүүлэх бичил төлөвлөгөөг хэлэлцэн, санал солилцсон байна. Ингэснээр халдвараас сэргийлэх вакцинжуулалтыг эрчимжүүлж, ирэх арваннэгдүгээр сарын 25 гэхэд хамрагдалтыг 95 хувьд хүргэх зорилт тавьжээ. Үүний хүрээнд тухайн хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан, үүрэг, чиглэл өгсөн байна. Улаанбурхны халдвараар өчигдрийн байдлаар нийслэлд гурван хүн эмчлүүлж байсан бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхээр өвчин дахин дэгдэж болзошгүйг сэрэмжлүүллээ.
Ч.ТУЯА