
Шатахууны нийлүүлэлт тасалдсаны улмаас тур оператор компаниуд хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу аялал зохион байгуулах, жуулчин тээвэрлэх аргагүйд хүрээд буй талаараа өчигдөр хэвлэлийн хурал хийж, аялал жуулчлал тэг зогсоход хүрснийг анхаарууллаа. 2026 он гарснаас хойш манай улсад 570 мянга орчим жуулчин иржээ. Энэ нь өмнөхоны мөн үеийнхээс 18.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд зөвхөн долоодугаар сард Монголд ирсэн аялагчдын тоо 150 мянга давсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр дүн гэдгийг тэд онцоллоо.
Гэвч шатахууны нийлүүлэлт доголдсоноор олон улсын болон орон нутгийн нислэг, авто тээвэр, жуулчны бааз, зочлох үйлчилгээний байгууллагуудынхэвийн үйл ажиллагаа алдагдаж, салбарын үйлчилгээний чанар, хүртээмжмуудах, цаашлаад Монгол Улсын нэр хүнд олон улсад унах эрсдэлтэйг бизнес эрхлэгчиддурдлаа. Иймд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох, жуулчны тээвэрт саадгүй үйлчлэх зохицуулалт хэрэгжүүлэх шаардлагыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос Засгийн газрын хүргүүлж буйгаа мэдээлэв.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэн “Шатахууны хангамжтай холбоотой асуудлыг шийдэхгүй бол тур оператор компаниуд 300 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ. Энэ бол бодит хохирлын хэмжээ” гэсэн бол Монголын жуулчин тээврийн холбооны тэргүүн Б.Ижилмөрөн “Жуулчин тээвэрлэх зөвшөөрөлтэй 800 орчим жолооч ажилгүй болох эрсдэл нүүрлэлээ. Шатахууны шагийн үнэ 8000 төгрөгт хүрсэн” гэлээ.