
Манай улсыг зорин ирэх солонгос жуулчдын урсгал өмнөх жилүүдийнхээс буурсныг Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос мэдээлэв. Энэ он гарснаас хойш манай улсад Өмнөд Солонгосоос 56 197 жуулчин ирсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.6, уржнангийнхаас 11.5 хувиар буурсан дүн гэнэ. Тодруулбал, 2024 онд өдөрт дунджаар 350, 2025 онд 330 жуулчин хүлээж авсан бол өнөө жил энэ үзүүлэлт 310-т хүрч буурчээ. Солонгос жуулчид Монголд ихэвчлэн 6-9 дүгээр сард идэвхтэй аялдаг аж.
Энэ “цонх” үе дуусах хараахан болоогүй ч аялагчдын тоо огцом нэмэгдэхгүй төлөвтэйг мэргэжилтнүүд хэлж байна. “Ковид-19” цар тахлаас хойш жил болгон эрчимтэй нэмэгдэж байсан солонгос жуулчдын урсгал өнгөрсөн жилээс татарсан нь вонын ханшийн уналт, Монгол дахь үйлчилгээний үнийн өсөлт, Азийн бусад бүс нутгийн аялал жуулчлалын идэвхжил зэрэгтэй холбоотойг дээрх холбооныхон дурдав. Шатахууны нийлүүлэлт тасалдсанаас үүдэлтэй бэрхшээлүүд ч говийн бүсэд аялагч солонгос иргэдэд сүүлийн хоёр жилд багагүй хүндрэл, төвөг чирэглэл учруулж буйг тэд хэллээ.