Гималайн нурууны зарим мөсөн гол хайлсны улмаас өнгөрсөн лхагва гарагт Балбын Катмандуг Төвөдийн Лхастай холбодог бүсэд үер нүүрлэн, 1500 гаруй иргэн сураггүй болж, 170 орчим хүн амиа алджээ. Алга бологсдын олонх нь Хиндү, Буддын шашинтнуудын ариун газар гэгддэг Кайлаш Мансаровар руу мөргөл хийхээр явж байсан Энэтхэг, АНУ, Австрали, Британи, Канадын жуулчин гэнэ. Балба улсын аврах багийнхан нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа явуулж, олон мянган хүнд яаралтай тусламжийн бараа, хэрэгслийг хүргэж буй аж. Тус улсын цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Аби Нараян Кафле “Нас барсан иргэний тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй” хэмээв.
Хятадын төрийн өмчит телевиз CCTV-гийн мэдээлснээр Төвөдийн Жиронг хошууны хилийн боомт руу асар их хэмжээний ус, шавар, нуранги урсан орж ирсэн байна. Ингэхдээ хүн, барилга, байгууламж, эрчим хүчний дэд бүтцүүдийг юу ч үгүй хуу хамжээ. “Бид хөрш Энэтхэг улсаас майхан, хүнс, яаралтай тусламжийн бараа, хэрэгсэл авснаа хамгийн их хохирол амссан дүүргүүдэд нисдэг тэргээр хүргэж байна” хэмээн Балбын армийн хэвлэлийн төлөөлөгч Ража Рам Баснет мэдээлсэн. Аврах ажиллагаанд 5000 гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч оролцож, 125 хүнийг авраад байгаа аж. Тус улсын Ерөнхий сайд Балендра Шах хамгийн их хохирол амссан дүүрэг болох Нувакот руу хөдөлсөн гэж албаны эх сурвалж хэвлэлүүдэд дамжуулсан юм.
Түүнчлэн тухайн бүсэд газар хөдөлснөөс үүдэн Гималайн мөсөн голын доод хэсэг нурж, улмаар үер болсон байж болзошгүй гэжээ. Гэвч газар 4.4 магнитудын хүчтэй хөдөлсөн гэж буй нь үнэн хэрэгтээ голын чулуу, мөс нурсны дүнд үүссэн энерги гэдгийг АНУ-ын Геологийн алба (USGS) тогтоосон байна. Америкийн Төрийн департамент гамшгийн хариу арга хэмжээний зөвлөхөө Балба руу илгээж, 500 мянган ам.долларын тусламж үзүүлэх, НҮБ-ын багууд тусламжийн бараа илгээхээ мэдэгдэв. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Гималайн мөсөн голууд хурдацтай хайлж буй юм.
Д.Хэрлэн