УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Ерөнхий сайдад хандан К2 автобензиний хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар асуулга тавьжээ. Энэ нь манай улсад импортлон хэрэглэж буй АИ92 шатахууны ангилал аж. Монгол Улсад мөрдөж буй стандартаар эл ангиллын автобензиний хүхрийн агууламж 500 мг/кг, бензолынх таван хувиас ихгүй байх ёстой юм. Мөн Улаанбаатарт хөдөлгөөнд оролцдог машинуудын ихэнх нь насжилт өндөр, голдуу Япон Улсаас оруулж ирдэг. Тэгвэл тус улс 2008 оноос бензиний хүхрийн зөвшөөрөгдөх хэмжээг 10 ppm хүртэл бууруулжээ. Ийм бага хүхэртэй шатахуун “идэж” байсан машинд манай импортын өндөр агууламжтай түлш хэрэглэхээр катализатор болон ялгарлыг бууруулахад хэрхэн нөлөөлж буйг гишүүн мэдэхийг хүсжээ. Мөн оруулж ирж буй шатахуун дээрх стандартыг хангаж буй, эсэх, хуучин машин, хүхрийн агууламж өндөртэй шатахууны хэрэглээ хүн амын эрүүл мэндэд яаж нөлөөлж буй талаар асуулга тавьсан аж. Цаашид К5 болон түүнээс дээш экологийн ангиллын автобензинд шилжихэд түлшний үнэ, агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндэд гарах өөрчлөлтийг хамруулсан тооцоо, судалгааг ч тодруулсан байна.