Улаанбаатарын намрын сайхныг сэвэлзүүр салхинаа мөчрөө ганхуулан найгах модод, түүнээс хэсэг хэсгээр хийсэн унах өнгө өнгийн навчис биш, тэр навчсыг хөл дороо гэнэ сэнэгүй гишгэлэн алхах залуусаас л мэдрэх шиг. Ажил, хичээл цуглах, тарах, өглөө, өдөр, оройн цагт нийслэлийн хаа сайгүй алхагчид, явган хүний гарцан дээр түгжрэл үүсгэн зөрөх хүмүүсийг харахад олонх нь залуучууд. “Сүүн зайрмаг”-ны мухлаг, гудамжны хоолны бүхээг, цахим тоглоомын болон түргэн хоолны газрын үүдээр бөөгнөрөх нь өнөөх л хүүхдүүд. Хүн амын 30 гаруй хувь нь 0-14, 63 орчим хувь нь 15- 64 насныхан учраас аргагүй биз. Түүнчлэн нийт иргэдийн тал нь 29 хүртэлх насныхан буюу хоёр хүний нэг нь идэр залуу гэсэн судалгаа бий. Энэ утгаараа Монгол залуусын орон мөн, тэд намрын үзэсгэлэнд хөг нэмэх нь зүйн хэрэг. Нөгөөтээгүүр, хүн ам, орон сууцын завсрын тооллогын 2025 оны үзүүлэлтээр манай улсаас 201 350 иргэн гадаадад амьдран сууж байна гэжээ. Энэ нь өмнөх тооллого буюу 2020 оныхтой харьцуулахад даруй 64.6 хувиар өссөн дүн юм. Түүнчлэн гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдран суугаа иргэдийн 60 орчим хувийг 15-39 насны залуус эзэлжээ. Мөн 2025 оны судалгаагаар гадаад руу явсан 15-19 настнууд 2020 оныхоос 2.7 дахин нэмэгдсэн аж. Энэ бол бид залуусаа “алдсаар” байгаагийн тод жишээ. Товчхондоо залуусын орны залуучууд боломж л олдвол гадаадад сурахыг, ажиллахыг, амьдрахыг хүсэх болсныг хэн хүнгүй дурдаж байна. Үүнд олон шалтгаан бий байх, заримаас нь тодрууллаа.
гийн том шалтгаан нь эдийн засгийн хувьд бэхжиж амжаагүй, “ядуу буурай”-тай холбоотой гэлцэнэ. Уг нь манай улсын ДНБ 2024 оны байдлаар 6751 ам.долларт хүрч, 15 жилд 2.6 дахин өсжээ. Энэ нь Дэлхийн банкны үзүүлэлтээр дунджаас дээш орлоготой орны ангилалд шилжсэн, ядуу буурайдаа тооцогдохгүй дүн. Гэтэл Монголоос явсан, явахаар төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах, хөрөнгө хуримтлуулах зорилготой гэдгээ илэрхийлэх нь хамгийн олон. Тодруулбал, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дөрөвдүгээр дамжааны оюутан З.У “Би ерөнхий боловсролын хувийн сургуулийг 2023 онд төгссөн. Тухайн үеийн нэг ангийн 21 хүүхдээс 15 нь гадаад руу явсан. Тэднээс одоо 7-8 нь л сурч, үлдсэн нь ажиллаж байгаа гэсэн. Гадаад явсан ч үргэлжлүүлэн сурч чадахгүй байгаа хүүхдүүд олон. Энэ нь ерөөсөө л монголчуудын санхүүгийн чадамж, улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Миний бодлоор Монгол залуучуудад маш ээлгүй орон. Адаглаад л бидэнд амьдралын наад захын хэрэгцээгээ хангах орон сууцтай болох боломж алга. Орон сууцын дундаж ханш, ипотекийн зээлийн хүртээмж, урьдчилгаа төлбөр зэргээс энэ нь шууд харагддаг. Үүнээс гадна залуучууд аль болох л боловсрол эзэмшье, мэдлэг чадвартай болъё хэмээн энд, тэндгүй сураад байдаг. Гэсэн ч ажлын байранд гарахад хангалуун байтугай дундаж амьдрах ч нөхцөл байхгүй. Энэ нь түрээсний төлбөр, бараа, үйлчилгээний үнэ, шатахууны ханш гээд бүх зүйлээс мөн л харагддаг. Би бол эх орондоо ажиллаж, амьдрах бодолтой. Гэхдээ хэзээ, хэдэн төгрөгийн орлого олж, боломжийн амьдрахаа хэлж мэдэхгүй учраас гадагшаа л явах байх” гэлээ.
“АМЕРИКТ ҮЛДСЭН НЬ ЗӨВДСӨН”
АНУ-д найман жил амьдарч буй 38 настай Э.С “Их сургуулийн дөрөвдүгээр дамжаанаас эхлүүлэн Монголд тасралтгүй 10 жил ажилласан. Сард 800 000-1 300 000 төгрөгийн цалин авдаг, байрныхаа түрээсэнд дийлэнхийг нь өгөөд таардаг байлаа. Хуримтлуулах, өөрийн байртай болох талаар бодох ч аргагүй. Тэгээд АНУ-д ажлаар ирээд “харлачихсан”. Одоо бол ногоон карттай болсон, оффисын ажил хийдэг. Сарын цалин маань 4000-5000 ам.доллар. Үүнээс байрны түрээс, хэрэглээний зардал, хүнсэнд 2000-3000-ыг нь зарцуулдаг. 2024 онд Монголд орон сууц худалдан авч, түрээслүүлсэн. Гурван өрөө байрны түрээсний орлого сард хоёр сая төгрөг авчихдаг. Одоогоор санаа зовох зүйл алга, Америкт илүү олон жил амьдарна, гэр бүлтэй болж буй. Энд анх ирчхээд эргэлзэж, гэрээ санаж байсан ч зориг гаргаад үлдсэн нь зөвдсөн” гэв.
Төмөр замын их сургуулийн ойролцоох жижигхэн цэцэрлэгт уржигдар цөөнгүй оюутан сууж байв. Тэдний зарим нь гар утсаа шагайж, нөгөө хэсэг нь зургаа авхуулж, үлдсэн хэд нь ямар нэгэн юм төлөвлөн, тооцоо бодох аж. Аль сургуулийнхан гэдгийг нь асуухын хамт, цаашдаа Монголд сурч, ажиллаж, амьдрах хүсэл бий, эсэхийг нь лавлалаа. Тэд бол Баянхонгор аймгаас Улаанбаатарт сурч буй оюутнуудын төлөөлөл гэнэ. Аймгийнх нь нэгэн бизнесмен (магадгүй УИХ-ын гишүүн) намрын спортын уулзалт хийнэ, баг бүрдүүлж, бооцоо тавьж оролцох уу гэснээр цугласан нь тэр. Тэдний нэг О.Г “Шинэжинст сумаас ирсэн, ШУТИС-д сурч, дотуур байранд хоёр дахь жилдээ амьдарч байгаа. Цахилгааны инженер болж улс орноо эрчим хүчний хараат байдлаас гаргах, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй. Төгсөөд ажиллах ажлын байр, цалин яах вэ, тухайн үедээ болог. Үнэндээ бидэнд, ядаж МУИС, ШУТИС, АШУҮИС гээд томоохон их сургуульд ямар ч орчин алга. Бусад орны том, жижиг гэлтгүй их сургуулиуд ямар гоё билээ. Зүлэг, мод, гүйлтийн зам, номын сан, дотуур байр, биеийн тамирын талбай зэргийг цогцоор нь шийдчихсэн. Харин бид тэдгээрийг кино, эсвэл сошиал хуудаснаас л хардаг. Өөрөөр хэлбэл, залуу хүмүүсийг зүгээр л их сургуулийн стандарт орчинд хүлээж авдаг болоосой. Ядаж ганц жишиг кэмптэй байгаасай. Их сургуулийн дотуур байруудыг орон сууц, албан газар дунд хавчуулаад барьчихсан, эсвэл газраас нь хумслаад барилга босгочихдог. Бас байрны хажууд баар, зочид буудал, тайчих үзүүлбэрийн клуб, CU дэлгүүр “шавчихсан”. Байгаа юм нь цемент нь ховхорсон жижигхэн талбай дахь сагсны ганц шийд. Түүнээс сургууль төгссөний дараа яах вэ гэвэл хаана цалин хангамж өндөр байна тэнд очно, тэр улс руу явна, гүйцээ” хэмээн ууртай гэх үү, хэгжүүн хариуллаа.
“ЧӨЛӨӨТ НИЙГМИЙН БУЯНААР ХААШАА Ч ЯВЖ БОЛНО”
Европын Холбооны улсууд, Япон, БНСУ зэрэгт хүн ам эрчимтэй хөгширч байгаа гэдэг. Энэ нь ажиллах хүчний зах зээлд нь өөрчлөлт оруулж, идэвхтэй ажиллах, ачаалал даах залуучууд нь цөөрч, монголчууд тэр зайг нь “бөглөлцөж” яваа. Гэтэл эх орондоо ажил хийх хүн олдохгүй, аль ч салбар хүний нөөцийн дутагдалтай. Энэ нь зөвхөн цалин голоод ажилладаггүй гэсэн утга бас биш байх. Шинэжинстийн оюутны хэлснээр залуучуудад зориулсан орчин, их сургуулийн кэмп, стандарт дотуур байр, залуусын орон сууцын зорилтот хөтөлбөр гээч нь алга. Оюутны ширээнээс холдон, ажлын байранд гарсан залууст, ер нь нас насныханд хийсний хэрээр авах цалин хөлс, ахуй хангамж нь алга. Мөнгө муутай, санхүүгийн “савлагаа”-тай хүн эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, улсдаа бүтээмжтэй, урт удаан амьдрах талаар бодох ч сөхөөгүй гэсэн үг. Энэ талаар шийдвэр гаргах түвшнийхэн, салбарын яамныхан ч ямар бодлого баримталж байгаа тухай хариултыг олж чадсангүй. ГБХНХЯ-ны мэргэжилтэн “Гадаадаас ирж амьдрах монголчуудад ийм, тийм дэмжлэг олгоно, их, дээд сургууль төгссөн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангана гэсэн журам, заалт байхгүй. Гадаадад амьдарч буй монгол иргэдийн 8.3 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Хамгийн олон буюу 51 000 орчим нь БНСУ-д байдаг тэдний 11.5 хувь нь гэрээт ажилчин. Бас гэрээгээр яваад, түр хугацаагаар зорчоод “харласан” уу гэдгийг нарийн хэлэх боломжгүй” гэсэн юм.
Тэгвэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор Ж.Д “18 насанд хүрэхээр аавынхаа дэргэд тогтохоо болилоо гэдэг дуу бий. Хүний орь залуу нас гэдэг тийм л тогтож ядам тэмүүлэл дүүрэн байх нь жам юм. Гэртээ, сумдаа, аймагтаа, Монголдоо ч тогтохгүй байх нь аргагүй. Чөлөөт нийгмийн буянаар хэн ч, хаашаа ч явах боломжтой нь давуу тал. Нөгөө талаас гадагшаа зорих залуус юунд тэмүүлж байгааг судлах шаардлагатай. Хамаг залуусаа гаргаад алдчихгүй байх үүднээс тэр шүү дээ. Гадаадад сурах шаардлагыг нь хангаад, тэтгэлэг олоод, эсвэл аав, ээж нь төлбөрийг нь төлөөд явуулж байгаа хүүхдүүдийг хорих боломжгүй. Харин төсвийн зардлаар гадаад оронд сургахыг зогсоох хэрэгтэй гэж би боддог. Монгол Улс их, дээд сургуулиудаа дэмжих ёстой. Төсвийн зардлаар сургах бол нэн шаардлагатай мэргэжлээр, буцаж ирж ажиллах хатуу нөхцөлтэйгээр, мөн магистраас дээш түвшинд сургаж болно. Үүнээс гадна гадаадад эзэмшсэн мэргэжил, авьяас чадвараараа өндөр цалинтай ажиллаж байгаа залуусаар бахархахаас өөр яах билээ. Гэвч тэд маань эрч хүч, ур чадвараа өөр орныг хөгжүүлэхэд зориулж буй нь харамсалтай. Монголд ажиллахгүй шалтгаан нь мэдээж муу цалин. Улс орны маань чадвар, эдийн засаг энэ хэртэй байгаа тул өөрөөр яалтай билээ. Тиймээс өндөр бүтээмжтэй бизнесийг дэмжих, авлига хээл хахуультай тэмцэх, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох гээд хийх ажил их байна. Иргэд бид ч ухамсраа дээшлүүлж, ядаж л уул уурхай, эрчим хүчний том төслүүдийг мухар сохроор эсэргүүцдэггүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туудаггүй байх учиртай юм” гэлээ.
С.Дулам