“ҮсэгТоо” нэгдлийнхэн “Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнгээ өнгөрсөн сард олны хүртээл болгосон билээ. Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлч А.Мөнхтөгөлдөр зөөлөн баримлын төрлөөр оролцож, өнөөгийн их хотын өнгө аяс, нийгмийн эмзэглэлийг уран сайхны хэлээр хүүрнэсэн юм. Тэрбээр орон зайн биет бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд мессеж хүргэхээс гадна тайз, дэлгэцийн хувцас дизайн, хүүхэлдэйн урлал болон дүрслэх урлагийн заагт орших өөрийн дотоод ертөнцөө нээхийг зорьжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
“Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнд яагаад заавал зөөлөн баримлын төрлөөр оролцохоор сонгов?
-Бид хамгийн эхлээд эл үзэсгэлэнд хэн, ямар бүтээлээр оролцох вэ гэдгээ ярилцаж шийдсэн. Би зургуудаа дэлгэх боломжтой байсан. Гэхдээ төдийлөн сонирхолтой санагдаагүй. Учир нь түүгээр өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй. Тиймээс хавтгай дээр биш, орон зайд тал бүрээс нь харж болох биет зүйл хийхийг хүссэн юм. Улмаар холимог материалаар зөөлөн баримал бүтээхээр шийдсэн.
Баримал хийх явцад костюм дизайнерын туршлага их тус болсон. Костюм дизайнер хүн тухайн дүрийг гүн гүнзгий ойлгож, мэдрэхийг чухалчилдаг учраас тодорхой өгүүлэмжтэй дүр бүтээхийг зорьсон хэрэг. Эхэндээ хаягдал материал ашиглан дүрүүдээ бүтээсэн ч явцын дунд “Энэ үнэхээр намайг илэрхийлж чадах арга мөн үү” гэсэн эргэлзээ төрсөн. Хариулт нь мэдээж үгүй. Тэгвэл намайг юу бүрэн илэрхийлэх вэ гэж бодсоны эцэст даавуун материал болон гар оёдлыг заавал оруулах ёстой юм байна гэж шийдсэн. Ингэж л “Миний бүтээл” гэдгийг харуулах өөрийн гэсэн “тамга”-тай болсон юм.
ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ХҮҮХДҮҮДИЙГ ЗӨӨЛӨН БАРИМЛААР ДҮРСЭЛСЭН
-Бүтээлүүдээрээ дамжуулан илэрхийлэхийг хүссэн санаа тань их сонирхолтой санагдсан.
-Үзэсгэлэнгийн ерөнхий сэдэв “Хот” байсан. Бид хотыг хэрхэн харж, мэдэрдгээ бүтээлээрээ дамжуулан харуулсан. Миний хувьд хот бол эмзэглэл байлаа. Тэр дундаа хүүхэд. Хүүхэд бүр боловсрол эзэмших, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл насанд хүрэгчид эдгээр эрхийг хамгаалж чадахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс нийгэмд өөрийгөө илэрхийлэх боломжгүй, эрх нь зөрчигдсөн тэдгээр дүрүүдийг гаргаж ирэхийг хүссэн. Миний бүтээл гурван баримлаас бүрдэх бөгөөд сайтар ажиглавал бүгдэд нь “хүүхэд” гэх ерөнхий сэдэв зангилаа бий. Эхнийх нь эцэг, эхийн анхаарал халамж дутагдсанаас болоод гар утастай нөхөрлөж, бараг л өөрийгөө өсгөж буй жаахан хүүхдийн дүр.
Удаах нь өөрөө шийдвэр гаргах боломжгүй, ямар нэгэн байдлаар хохирсон болон бага насандаа хүүхэд төрүүлчихсэн нялх биетэй өсвөр насны охины дүр. Гурав дахь нь бидний гудамжинд хараад өнгөрдөг архины хамааралтай хүн. Яагаад ийм сонголт хийснийг нь хэн ч мэддэггүй. Магад мэдэхийг ч хүсдэггүй байх. Гэтэл тэрбээр эх хүнээс л төрсөн, хэн нэгний энхрий жаахан хүүхэд байсан шүү дээ. Ийм байдлаар гурван өөр нас, түүхээр дамжуулан нийгмийн эмзэглэлийг харууллаа.
-“Хотын чимээ” үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ 14 хоногийн дотор урлачихсан гэж сонссон, үнэн үү?
-Механик ажлын хугацааг тооцвол 14 хоног л болсон байх. Гэвч бүтээл туурвихад сэтгэл зүрх, оюун санаагаа дайчилж, судалгаа хийх шаардлагатай шүү дээ. Эдгээрийг бүхэлд нь тооцвол дөрвөн сар орчмыг зарцуулжээ. Эл хугацаанд миний ухаарсан хамгийн чухал зүйл бол бүтээл гэдэг тухайн уран бүтээлчээс үл хамааран өөрийн гэсэн “төрөх” агшинтай байдаг юм билээ. Санаагаа олж, мэдрэмж бүрэлдэхгүй бол яаж ч хүчлээд ажил урагшлахгүй. Хүчилж хийсэн нэг алхам, нэмсэн деталь болгон буруудаж, шинээр эхлэхээс өөр аргагүйд хүрдэг. Тиймээс яг тэр агшныг мэдрэх хэрэгтэй.
-Зөөлөн баримлын гол суурь болсон даавуу, материалтай харьцах, орон зайн мэдрэмж тань хаанаас эхтэй вэ. Танай гэр бүлийнхэн сонирхолд тань их нөлөөлсөн гэх юм билээ.
-Би дөрвөн настайдаа л зурж эхэлсэн. Зурахаас гадна хөгжмийн хэмнэл, аялгуунд их соргог хүүхэд байсан нь дүрслэх урлагт тэмүүлэх сонирхлыг минь улам бадраасан юм шиг санагддаг. Бас өвөө минь их нөлөөлсөн. Тухайн үед одоогийнх шиг техник, технологи хөгжөөгүй байсан учраас өвөө газрын зургийг бүх нарийвчлалтайгаар нь масштаблан зурна. Уг нь биологич мэргэжилтэй хүн. Өвөөгийн ах ч бас Оросоо хэмээх мундаг зураач байлаа. Би багаасаа их дотогшоогоо, бүрэг ичимхий хүүхэд байсан юм. Ихэнхдээ цаас, харандаагаа бариад ганцаараа суучихдаг. Өвөөгийн зурсан зүйлийг дуурайх гэж оролддог ч төдийлөн амжилт олохгүй. Гэтэл нэг өдөр гэнэт их амархан болоод ирсэн. “Зүгээр л надад яаж харагдаж байна, тэрийг нь дуурайгаад зурчихад болдог юм байна” гэж бодсон. Тэр үед би дөрвөн настай байлаа. Үүнээс хойш зурах ур чадвар ч арай өөр түвшинд хөгжиж эхлэв. Төсөөллөөрөө зурахаас илүү ур чадвартаа анхаардаг болсон гэх үү дээ.
Манай эмээ ч бас гарын ур дүйтэй юмханаар юм хийчихдэг хүн байсан. Таван настайдаа эмээгийн үлдээсэн жижиг даавуунуудаар хүүхэлдэйдээ хувцас оёж эхэлсэн. Даавууны өөдөснүүдийг хооронд нь холбож, даашинз урлаж эхэлсэн нь миний дүрслэлийн сэтгэхүйд тодорхой хэмжээнд эергээр нөлөөлсөн байх. Өвөө эмээ хоёрыгоо харж өссөн болоод ч тэр үү оёж хатгах, зурах надад үнэхээр сонирхолтой санагддаг. Ингэж явсаар гуравдугаар ангид ордог жил хаяал эгч минь хувцасны дизайнераар суралцаж байгаагаа хэлсэн юм. Хүмүүс зөвхөн сонирхлоороо юм оёдоггүй юм байна гэдгийг тухайн үед л ойлгосон доо. Хүмүүс үүний төлөө сурч боловсорч, мэргэшдэг юм байна гэх ойлголттой болсон. Өөрөөр хэлбэл, хаяал эгч надад үүнийг боловсрол, бүтээл гэдэг талаас нь харуулж өгсөн хэрэг. Тэр цагаас хойш дүрслэх урлагийн салбарт улам татагдаж, “Би хувцас хийдэг хүн л болно” гэж шийдсэн. Амьдралдаа анхны бөгөөд эцсийн удаа мэргэжлээ сонгох шийдвэр гаргасан минь энэ.
-Та Бээжингийн “Central academy of drama”-г тайз, дэлгэцийн хувцас дизайнераар төгссөн шүү дээ. Загварын болон тайз, дэлгэцийн хувцас дизайн тухайн уран бүтээлчээс ер нь ямар мэдрэмж, ур чадвар шаарддаг вэ?
-Тайз, дэлгэцийн болон загварын дизайн хоёр хоорондоо нэлээд ялгаатай. Загварын дизайн нь хүний өдөр тутмын хэрэгцээнд төвлөрдөг бол тайз, дэлгэцийн буюу костюм нь дүрслэх урлаг тал руугаа илүү хэлбийдэг. Шаардлагатай ур чадварын тухайд жүжиг болгон өөрийн гэсэн дүртэй. Костюм дизайнер тухайн дүрийг амилуулж буй жүжигчинтэй ижил түвшинд дүрээ ойлгох шаардлагатай болдог. Жүжигчин тухайн дүрийнхээ мөн чанар, дотоод сэтгэл, түүх болон амьдарч буй орчныг биеийн хэлэмж, жүжиглэлт, энергиэрээ дамжуулан үзэгчдэд хүргэдэг бол костюм дизайнер энэ бүхнийг хувцсаар нь илэрхийлэхийг зорьдог юм. Товчхондоо дизайнер хүн жүжигчний нэгэн адил дүрээ гүн гүнзгий судалж, мэдэрч, анализ хийсний үндсэнд тэрхүү мэдрэмжийг хувцасны хэлбэр, хийцээр амилуулдаг гэсэн үг. Хүмүүс бодит амьдралд ч хувцсаараа дамжуулан өөрийгөө илэрхийлдэг шүү дээ. Энэ бол хоол идэхтэй адил хүний анхдагч хэрэгцээ төдийгүй өөрийгөө илэрхийлэх бас нэгэн боломж. Харин уран бүтээлийн хувьд уг ойлголт илүү өргөн хүрээг хамардаг.
БҮТЭЭЛҮҮД МИНЬ ӨӨРСДӨӨ “ЯРЬДАГ” БОЛТОЛ СУРАЛЦАХ ЗҮЙЛ ЗӨНДӨӨ БИЙ
-Сургуулиа төгссөнөөсөө хойш дуу дүрсний бүтээл, тайз, дэлгэц болон хүүхэлдэйн урлал зэрэг олон төрлөөр ажиллажээ. Хувь уран бүтээлчийнхээ зүгээс аливааг илэрхийлэх өөрийн гэсэн арга барил, “гарын үсэг”-ээ хэрхэн тодорхойлж буй бол?
-Бүтээл бүр өөрийн гэсэн онцлог, уур амьсгалтай. Тухайлбал, нэг нь хүүхдэд зориулсан гэгээлэг бүтээл байхад өөр нэг нь насанд хүрэгчдэд зориулсан гүн утга агуулгатай буюу хүнд, эмзэг сэдвийг хөндсөн байх нь бий. Ийм харилцан адилгүй бүтээлүүдэд өөрийн арга барил, онцлогоо хадгалж үлдэнэ гэдэг тодорхой хэмжээнд даалгавар болдог.
Миний хувьд хамгийн чухал нь хийц болон гүйцэтгэл. Би деталь бүрд анхаарч, сэтгэлээ шингээдэг. Хүнд харагдахааргүй, анзаарагдахааргүй жижиг хэсэг байсан ч аль болох чанартай, төгс гүйцэтгэхийг хичээдэг юм. Үүнээс гадна уран бүтээлч бүр өөрийн гэсэн мэдрэмж, өнгө аяс, уур амьсгалтай. Бүтээлүүдээ эргээд харахад “Энэ бол миний хийсэн ажил шүү” гэж мэдрэгдэхүйц “өнгө” байдаг. Гэхдээ тэр “өнгө”-өө яг одоо шууд нэрлэж, тодорхойлоход арай эрт байна. Цаашдаа намайг илэрхийлэх тэрхүү өнгө аяс улам тодорч, би тайлбарлаагүй ч бүтээлүүд минь өөрсдөө “ярьдаг” болох хэрэгтэй байх. Үзэгчид хараад л “Аан, энэ чинь Мөнхтөгөлдөрийн бүтээл байна” гэж шууд таньдаг болох хүртэл надад суралцах, хийж туурвих зүйл зөндөө бий.
-Хувцас дизайн, тайзны зураг, хүүхэлдэйн урлал болон дүрслэх урлагийн заагт ажиллах нь уран бүтээлчид ямар давуу тал, боломж олгодог юм бэ?
-Хэдийгээр бүгдийг нь дүрслэх урлаг гэсэн нэг категорид хамааруулж болох ч хоорондоо нэлээд ялгаатай л даа. Миний хамгийн том давуу тал хөрвөх чадвар гэж хэлнэ. Олон төрлийн ур чадварыг нэг дор эзэмшсэнээр шаардлагатай үед хүссэн арга барилаараа бүтээл туурвих боломжтой. Сэтгэлгээний хувьд илүү чөлөөтэй болдог. Хэрэв аль нэг төрлөөр нь дагнаж, чаддаг зүйлдээ л баригдаад байвал боломж дагаад хумигдана.
Арай гүнзгийрүүлбэл, төрөл бүрийн арга барил өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Зураг зурах, хувцас оёх, хүүхэлдэй урлах бүрд өөр мэдрэмж төрнө. Дотор байгаа санаа, сэтгэмжээ аль болох олон төрлөөр илэрхийлэх нь уран бүтээлчийн хувьд маш том давуу тал. Тэр хэрээр сэтгэлгээний цар хүрээ тэлж, мэдрэмж ч дагаад хөгждөг. Энэ нь илүү “амттай” санагддаг гэх юм уу.
-Цаашид тайз, дэлгэцийн чиглэлээр болон бие даасан уран бүтээлээрээ ямар шинэ “туршилт” хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Энэ удаагийн үзэсгэлэнгээр би анх удаа зөөлөн баримлаар бүтээл урлаж, олон нийтэд толилууллаа. Анхны алхам минь энэ байсан. Мэдээж би л зөөлөн баримал гэж нэрлээд өөрийн мэдрэмжээ илэрхийлээд буй болохоос энэ арга барил зарчмын хувьд хүүхэлдэйн урлалтай ихээхэн төстэй учраас надад цоо шинэ зүйл биш. Харин хийж гүйцэтгэх явцдаа чиглэлээ улам хөгжүүлэх ёстойг ойлгосон.
Үзэсгэлэнгийн хүрээнд бид “Хот” гэсэн сэдэв дотор өөрсдийн эмзэглэлийг илэрхийлснээ хэлсэн дээ. Гэхдээ бүтээл дээрээ ажиллах явцад зөвхөн эл сэдвээр хязгаарлагдах биш, цаашлаад өөр сэдэв рүү “хальж”, шинэ мэдрэмжүүдээ нээх хүсэл, санаанууд урган гарсан юм. Тиймээс цаашид зөөлөн баримлын төрлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр зорьж байна.
Түүнчлэн уран бүтээлчийн хувьд костюм дизайны чиглэлээ орхигдуулахгүй, улам хөгжүүлэхийг хүсдэг. Мөн миний бүтээсэн хувцсаар дамжуулан өөрийн гэсэн онцлогоо нээх хүсэлтэй хүмүүст зориулсан хувцасны брэнд бий болгохоор ажиллаж байна даа.
У.Сүрэн