
Энэ экспедиц ХIX зууны дунд үеэр Арктикийн зүүн хойд хэсэгт гарц хайж яваад алга болсон юм. Кинг-Уильям гэдэг арал дээрээс олдсон хүний 400 яс дотор “Эребус” хөлгийн ахмадынх байсныг судлаачид тогтоосон байдаг. Түүгээр ч барахгүй амьд үлдсэн нөхөд нь түүний махыг идсэн нь тодорхой болсон юм.
ХIX зууны дундуур судлагдаагүй газар орон, яваагүй маршрут манай гариг дээр тийм ч олон үлдээгүй байснаас шинэ нээлт бүхэн үнэ цэнтэй болсон юм. Эзэнт улсууд худалдааны ач буянаар оршин тогтнож, хөгжин цэцэглэсэн болохоор шинийг хайх, далайн ая таатай зам олох нь амьдрал, үхлийн асуудал болж байлаа. Тухайн үед Атлантын далайгаас Номхон далай руу гарах, буцах аргыг аль болох хурдан олох нь хамгийн гол зорилт болж байжээ. Арктикийн усыг гатлах арга замыг эрж Оросын эзэнт улс өөрийн умар зүгийн газар нутгаа идэвхтэй судлах болсон нь далай тэнгист эзэн суугаад байсан Британийн дургүйг хүргэхгүй байж яаж чадах билээ.
Тухайн үед хэрэг дээрээ Британийн флотын ерөнхий командлагч болоод байсан Жон Барроу уг экспедицийг голлон санаачлагч байв. Энэ нь 41 жил алба хаасан түүний сүүлчийн төсөл, нэр төрийн хэрэг байсан учраас үүнийг оросуудад алдаж яагаад ч болохгүй байв. Үүнээс өмнө Жон Барроу Умард тэнгис рүү нэг бус экспедиц илгээж, тэдгээр нь тус бүс нутгийн судалгаанд дорвитой хувь нэмэр оруулсан ч гол зорилгоо биелүүлээгүй л байлаа. 82 настай Барроу энэ экспедицийг замд гаргах бүх бэлтгэлийг хангаад огцров. Энэ ажил нь түүнийг хийгээд Британийг алдаршуулна гэдэгт тэр эргэлзэхгүй байжээ.
Жон Барроу экспедицээ хөдөлгөхөөр 1845 онд бэлтгэж эхлэхдээ түүнийг удирдуулахаар Фицжеймсийг сонгосон байна. Энэ хүн 1825 онд 12 настай байхдаа садныхаа хүний командалж байсан “Пирамус” гэдэг хөлөг онгоцонд сайн дураар ажиллах болсон аж. Садны хүн нь нэг жилийн дараа ажлаасаа гарсан ч Фицжеймс “Пирамус” дээрээ үлдэж, Төв Америкт АНУ-аас явуулсан дипломат ажиллагаанд оролцов. Цаашдаа өөр хөлөгт өөр удирдлагатай ажилласан ч флотоо орхисонгүй. 1839-1841 онд Турк-Египетийн II дайнд “Ганг” хөлгөөр дэслэгч цолтой оролцож байлаа. 1840-1842 онд Хятадад Хар тамхины анхдугаар дайнд оролцож алдар нэртэй болжээ. Тэр үедээ Сингапурт Жон Барроугийн хүү Жоржийг хэл аманд орооцолдоод байхад нь танилцаж, түүнээс мултрахад нь тусалсаны улмаас энэ айлынхан залуу офицерыг бүх талаар нь дэмжих болж.
Гэхдээ л ийм далайцтай экспедицийг удирдуулахад 32 настай Фицжеймсийг хэтэрхий залуу байна гэж үзжээ. Бас тэрбээр Арктикт ер очиж байсангүй. Ингээд 59 настай, туйл руу аялах илүү туршлагатай Жон Франклинаар экспедицийг удирдуулахаар болов. Нэр цууд гарсан ахмад болох Уильям Парри, Жеймс Кларк Росс нар энэ аяллыг удирдахаас татгалзсан нь Франклиныг сонгоход гол нөлөө үзүүлжээ. Парри нь явдал суудлаас залхсан бол Росс нь Арктик руу явахгүй гэж гэргийдээ амласан байв. Росс шиг туршлагатай хүн ховор тул энэ нь Барроугийн хувьд их харамсалтай байлаа. Росс Дэлхийн умард соронзон туйлыг нээсэн, 1839-1943 онд шинжлэх ухааны олон нээлт хийсэн Британийн Арктикийн алдарт экспедицийг удирдсан хүн юм. Энэ экпедиц “Эребус”, “Террор” хөлөг онгоцоор явжээ.
Үүнээс хойш энэ хөлгийг дараачийн аялалд бэлтгэж хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангахын тулд Барроу бүхнийг хийсэн байна. Гурван жил явахад хүрэлцэх бүх нөөцөөр хангав. 1000 гаруй ном хүртэл бэлтгэсэн байлаа.
Фицжейс “Эребус”-ийг, Россын туслах байсан Фрэнсис “Террор”-ыг командлав. Хоёр хөлөг нийтдээ 134 хүнтэй, 1845 оны тавдугаар сарын 19-нд умрыг зорин хөдөллөө. Замдаа таван хүнээ орхиж, 129-үүл Баффин тэнгисийг зүглэжээ. Хоёр жил өнгөрөхөд экспедицээс сураг байдаггүй. Эхлээд Жон Франклины гэргий Жейн түгшүүр зарлаж, удалгүй Британийн парламентын гишүүд, хэвлэлүүд эрэл хайгуул хийхийг шаардах боллоо. Ийм аялалд хоёр жил гэдэг байдаг л хугацаа гээд тоохгүй хүмүүс ч байв.
Росс гэргийдээ өгсөн амлалтаа зөрчин 1848 оны нэгдүгээр сард хоёр хөлгөөр эрэлд гарлаа. Гэлээ ч Баффины тэнгист гаталж дийлэхгүй мөстэй тааралдаад удалгүй буцаж иржээ. Берингийн хоолой болон Канадын зүгээс өөр хоёр хөлөг гарсан ч ямар ч үр дүнд хүрэлгүй бас буцав. 1850 онд Британийн 11, Америкийн хоёр хөлөг Франклин болон түүний нөхдийн араас хөдөллөө. 1845-1846 онд Франклин өвөлжөөд орхисон лагерийг олов. Хожим нь энэ Бичи арлаас экспедицийн гурван хүний оршуулгыг олсон байдаг. Экспедицийн хувь заяаны тухай аймшигт гэрч 1845 онд олдов. Франклиныг хайх ажилд урьд нь оролцож байсан Шотландын туйл судлаач Жон Рэй нэгэн эскимос хүнтэй тааралдахад Бак голын ойролцоо турж үхсэн 40 усан цэргийн тухай тэрбээр ярьжээ. Тэр нутгийн өөр хүмүүс ч үүнийг нотолсон байна. Өлссөнөөс ухаанаа тавьсан усан цэргүүд хүний мах идэж байсан гэж тэд ярьсан аж. Франклины экспедицийнхний авч явсан эд зүйлийг ч эскимосчууд үзүүлжээ. Нэрт зохиолч Чарльз Диккенс Британийн флотын шилдэг далайчид ийм байдалд хүрэх ёсгүй гэж үзэж, 1845 онд “Сураггүй болсон туйл судлаачид” гэсэн өгүүлэл бичсэн байдаг. 1855 онд Британийн эрх баригчдын хүсэлтээр хайгуулын нэг баг явж, Бак гол хүрээд өлсөж нас барсан хүмүүсийн тухай эскимосчуудын нөгөө л ярьдгийг сонсов. Франклины экспедицийн хүмүүс 1848 онд хөлөг онгоцоо орхиод явганаар Арктик руу явжээ. 1859 онд эрэлд гарсан нэг баг Кинг-Уильям арал дээр овоолсон чулуун дотроос сураггүй болсон экспедицийн тухай өгүүлсэн анхны бичмэл баримт олов. Түүнээс үзвэл “Эребус”, “Террор” хөлөг 1846-1847 оны өвлийг Бичи арлын дэргэд өнгөрөөжээ. Экспедицийг Жон Франклин удирдаж, бүх юм ном ёсоороо байв гэж 1847 оны тавдугаар сарын 28-нд бичсэн байлаа. 1848 оны дөрөвдүгээр сарын 25-нд бичсэн бас нэг баримт олдов. Түүнд бичсэнээр бол гурван өдрийн өмнө экспедицийн 105 хүн “Эребус”, “Террор” хөлгөө орхижээ. Жон Франклин 1847 оны есдүгээр сарын 11-нд амьсгал хурааж, үлдсэн хүмүүс нь Бак гол руу явж. Тэднийг Крозье гэдэг хүн ахалсан байв. Захидалд Крозье, Фицжеймс нар гарын үсгээ зурсан байлаа. 1857 оны тавдугаар сард хүний хэлхээ яс олдож, дотор нь тэмдэглэлийн дэвтэр байсан гэнэ. Түүн дээр юм бичсэн хүн сэтгэл санааны хувьд тун хүнд байдалд орсон бололтой, маш их алдаатай, “Террорын лагерь хоосон” гэж бичжээ.
Хайгуул хийсэн бас нэг багт олдсон эд зүйл нь хоёр хүний хэлхээ яснаас гадна ном, саван, оёдол үйлд хэрэглэдэг юмс, хоолны хэрэгсэл болон туйл судлахаар яваа хүмүүст төдийлөн хэрэг болохооргүй олон юм байв. Тэдгээрийг үзсэн хүмүүс бол энэ экспедицийнхний ухаан нь солиороо юу гэмээр байлаа. Он жил өнгөрөх тусам Арктикийг судлаачид “Эребус”, “Террор”-ын багийн гишүүдийн эд зүйлс, оршуулга, цогцос олсоор байв. 1861 онд нутгийн оршин суугчид Кинг-Уильям арлын баруун хэсгээс завь, хүмүүсийн цогцсын үлдэгдэл олжээ. Энэ завийг 1993 онд дахин олоход дотор нь 13 хүний 400 яс байжээ. 2024 онд хийсэн нарийн шинжилгээгээр тэдний дунд Фицжеймсийн яс байсан аж. Махыг нь амьд байсан хүмүүс идсэн, махнаас нь салгахад гарсан бололтой мөр зураас ясан дээр үлдсэн байв.
Франклины экспедицэд тохиолдсон эмгэнэлт явдлын шалтгаан байж болох олон зүйлийг бид одоо нэрлэж болж байна. Тухайлбал, экспедицийнхэн аялалд гарахаар яаран сандран цуглуулсан нөөш нь мөн л санд мэнд хийсэн эд байсан байж болох. Тэдгээр нь муудаад, өвчний эх үүсвэр болсныг үгүйсгэх аргагүй. Хөлгүүд мөсөнд боогдоогүй байсан анхны өвөл л багийнхнаас үхэж үрэгдсэнийг өөрөөр тайлбарлахад хэцүү.
Франклины багийнхныг мөсөнд боогдчихоод байхад нь нутгийн хүмүүс хоёр хөлөг дээр очсон гэдэг. Тэдний ярьснаар бол офицеруудын зарим нь үхсэн хүмүүсийнхээ махыг идэхийн тулд майханд тусгаарлан байрлуулсан байжээ. Энэ мэдээлэлд үнэмшвэл тэдний хүнс нь дууссан юм уу, гурван жилээр тооцоолж нөөцөлсөн хүнс нь муудаад хэрэглэж болохооргүй болсон байж ч мэдэх. 126 хүнээс 105 нь үлдээд хөлгүүдээ орхиж явсан байв. Нөөшийг буруутгах бас нэг шалтаг нь хүмүүсийн цогцсоос тугалга их хэмжээгээр илэрсэн байна. Нөөшийн лаазны дотор талд ч тугалган бүрхэвч тогтсон байжээ. Тугалга нь организмыг бүхэлд нь хордуулж, цус багадуулахаас гадна ухаан санаанд сөрөг нөлөө үзүүлдэг юм. Ус нэрдэг тухайн үеийн тэргүүний арга нь ч хор болсон байж болно гэж одоо цагт үзэж буй. Түүнээс гадна экспедицийн хүмүүс чийг бамын өвчнөөр шаналж байсан нь хууч өвчнийг нь хөдөлгөж орхисон аж. Олдсон шарилаас нь үзвэл тэдний ихэнх нь уушгины үрэвсэл, сүрьеэ өвчнөөр өөд болсон байжээ. Тиймээс хөлгүүд дээр эдгээр өвчин цар тахал маягаар дэлгэрсэн гэх таамгийг бас үгүйсгэх аргагүй.
Франклины багийнхан нутгийн оршин суугчидтай байнга харилцаж, тэднээс далайн амьтны мах авч иддэг байсан хэрнээ Умард туйлын нөхцөлд амьдрах аргад суралцахыг хичээж байгаагүй нь үхэлд хүргэсэн бас нэг шалтгаан гэж үзэж болох нь. Тэднээс нэг нь ч далайн амьтан барьж, арьсаар нь хувцас хийж сурах гэх мэт оролдлого хийж байсангүй. Түүгээр ч барахгүй “зэрлэг”-үүдээс тусламж хүсэх нь өөрсдийгөө доромжилсон хэрэг гэж үзэх британичуудын ихэрхүү зан нөлөөлсөн гэж ч бичиж байна. Тэгэхдээ энэ нь таамаглал төдий юм.
Жеймс Фицжеймс нь Франклины экспедицийнхнээс шинжлэх ухааны аргаар цогцсыг нь таньсан анхны хүн юм байна. Эрдэмтэд амь үрэгдэж улмаар бусдынхаа “хүнс” болсон нэг хүний шүднээс ДНХ-ийн шинжилгээ авч түүнийгээ уг экпедицэд оролцсон хүмүүсийн удмын 25 хүнийхтэй харьцуулж үзэхэд нэг нь тохирч байжээ. Тэр нь “Эребус” хөлгийн ахмадынх байсан аж. Хөлгийг 2014 онд Куин-Мод булангийн усны ёроолоос олжээ. “Террор”-ыг хоёр жилийн дараа олсон байна.
Р.Жаргалант