Монголын сүм, хийдийн тухай мэдээллийн нэгдсэн сан бүхий анхны цахим хуудас саяхан нээгджээ. Монголчуудын уламжлалт урлаг, өв соёлыг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, бас сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг Монголын урлагийн зөвлөл энэ удаа Бурхны шашныг онцолсон нь учиртай. Энэ талаар МУИС-ийн Соёлын антропологийн багш, доктор Ж.Лхагвадэмчигтэй ярилцлаа.
-“Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийн хүрээнд чамгүй олон жил судалгаа хийсний эцэст дээрх цахим хуудсыг нээсэн гэж дуулсан. Төсөл дээр анхнаас нь ажилласан хүний хувьд энэ нь ямар зорилго, ач холбогдолтой болохыг хэлж өгөөч?
-Дорно дахины томоохон өв соёл болох буддын шашинтай монголчууд их эрт танилцаж, улмаар ахуй амьдрал, зан заншил, сэтгэхүйд шингээн уламжлалт соёлынхоо нэг хэсэг болгосон байдаг. Бурхны шашны соёл, сургаал номлолын гол төв нь сүм, хийд байсан. Сүүлд цаг үеийн байдлаас шалтгаалаад Монгол дахь олон сүм, хийдийг хааж, үгүй болгосон. Тиймээс монголчуудын түүх, соёл, уламжлалын нэгээхэн хэсэг болсон бурхны шашны сүм, хийдүүдийн түүхэн товчоог орчин цагт бүртгэн баримтжуулж, тэмдэглэн үлдээх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Гэхдээ энэ санаачилгыг анх ХААН банкны гүйцэтгэх захирал асан Питер Морроу, Төвдийн сангийн Монгол дахь Бурхны шашны төсөлд ажиллаж байсан Их Британийн иргэн, антропологич Сю Бөрн тэргүүтэй гадаадын эрдэмтэн судлаачид гаргасан юм билээ. Тэдний санаачилгаар 2004-2006 онд Төв аймгийн болох хуучин Их хүрээний сүм, хийдийн талаарх судалгааг Унгарын эрдэмтэд тэргүүлэн хийж байсан гэдэг. Тэгээд 2007 онд Монголын урлагийн зөвлөлд санал тавьж, соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийг нь шийдүүлснээр төсөл албан ёсоор судалгаагаа эхлүүлсэн. Би тэр үеэс л “Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийн агуулга хариуцсан менежерээр ажиллаж эхэлсэн юм. Энэ төслийн зорилго бол манайд хаана, хэдэн сүм, хийд байсан хийгээд тэдгээр нь ямар ном хурж, ямар зан үйл үйлддэг, хэчнээн лам хуврагатай байж вэ гэдэг тоо баримтыг нэгтгэн гаргаж, судалгааны эргэлтэд оруулах. Ингэснээр олон талын ач холбогдолтой. Хэдэн сүм, хийд, лам хуврагын тоо гаргах төдийхнөөр бидний ажлын үр дүн хэмжигдэхгүй. Үүний цаана Монголын түүх, соёлын судалгааг давхар харж болно. Түүнчлэн тухайн үед сүм, хийдэд шавилан сууж байсан болон тэндхийн тухай сайн мэдэх өндөр настай 350 гаруй хүнээс түүхийг нь амжиж бичиж авсан явдал их үнэ цэнэтэй. Төслийн үр дүнг олон нийтэд таниулах үүднээс бид 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгуулсан Ажлын хэсэгтэй хамтран, “Монголын сүм хийдийн түүхэн товчоон” хэмээх ном хэвлүүлсэн. Гэвч энэ ном одоо ховордсон учраас mongoliantemples.org цахим хуудсыг нээж байгаа юм.
-Хэзээнээс хэдий үеийг хамрах ямар ямар мэдээлэл багтаж байгаа вэ. Таныхаар тэндэх мэдээллүүд хэнд хамгийн их хэрэгтэй бол?
-Нэгдүгээрт, XX зууны эхэн үед Монголд байсан Бурхны шашны 1000 гаруй сүм, хийдийн ерөнхий мэдээлэл, газарзүйн солбицлын хэмжээс, 500 гаруй дурсгалт газрын план зураг, архивын 60 орчим гэрэл зураг болон өндөр настнуудын аман түүх энд бий. Мөн 1930 онд улс орон даяар явуулсан сүм хийдийн талаарх судалгааны тайлангийн зарим хэсгээс гадна Монголын Бурхны шашинд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон хутагт хувилгаад, эрдэмтэн лам нарын талаарх мэдээлэл байгаа. Хоёрдугаарт, 1990 оноос хойш сэргээсэн, шинээр нээсэн 300 гаруй сүм, хийдийн тухай баримт материал, Бурхны шашны нэр томъёоны тайлбарын хамт уг цахим хуудаст бий. Энэ бүгд Монголын түүх, соёл, Бурхны шашны талаар сонирхдог, судалгааны ажил хийдэг хэн бүхэнд нээлттэй, мэдээллийн томоохон бааз суурь юм. Цахим хуудас дахь бүх мэдээлэл англи, монгол хэлээр байгаа учраас гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдад их чухал. Лам хуврагууд ном хурахаас гадна гvн ухааны болон урлахуйн, анагаахын, учир шалтгааны, дууны зэрэг Буддын шашны 10 ухааныг судалж, бvтээл туурвиж байсан. Зурхайч нар одон орны хөдөлгөөнийг судалж, анагаах ухааны ном эзэмшсэн лам хvн ард иргэдийг эмчилнэ. Өөрөөр хэлбэл, эрт цагт сүм хийдүүд монголчуудын соёл, шинжлэх ухааны төв байж.
-Монголд 1000 гаруй сүм, хийд байсан гэхээр их тоо сонсогдож байна шүү. Тэднээс өдгөө хэд нь бүрэн бүтэн үлдсэн байдаг вэ?
-1000 гаруй сүм, хийд гэдэг нь төдий тооны байшин барилга биш юм шүү. Энэ тоонд шашны бүх төрлийн байгууламж болох суварга, сүм, хийдээс гадна цагийн хурал хурдаг байсан бүх газар орж байгаа. 1937 онд 700-гаад сүм хийдийг хааж, устгасан гашуун түүх бий. Сүүлд 1944 онд Гандантэгчэнлин хийдийг сэргээсэн.
-Аливаа судалгааг хэр бодитой, үнэн зөв хийж вэ гэдгийг аргазүйгээр нь мэдэж болдог. Та бүхэн судалгааны хэрэглэгдэхүүн болгож юу ашиглав?
-Урьд нь хийсэн судалгаа шинжилгээний материалуудаас гадна тухайн сүм, хийдийн түүхийг тодорхой сайн мэдэх орон нутгийн хүмүүс, тэнд шавилан сууж байсан лам хуврагуудын аман ярианд түшиглэх аргыг бид сонгосон. Жишээ нь, академич Б.Ринчен гуайн 1979 онд хэвлүүлсэн “Монгол Ард Улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атлас” гэдэг бүтээлд сүм, хийдийн байршлуудыг тодорхой гаргасан байдаг. Нөгөө нь Д.Майдарын 1972 онд хэвлүүлсэн “Монголын архитектур ба хот байгуулалт” ном. Тэнд Монголын сүм, хийдийн тоймчилсон жагсаалт байдаг. Үүн дээр үндэслээд 21 аймагт судалгааны зургаан баг гарч, таван сар гаруй ажилласан. Судалгааны багт эрдэм шинжилгээний нэг ажилтан, нэг лам хуврага оролцсон. Учир нь шашны нэр томъёог ойлгож, үнэн зөвөөр нь тэмдэглэхийн тулд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд бидэнтэй хамт явсан. Зарим сүм хийд гэхэд л хоёр, гурван янзын төвд нэртэй байх жишээтэй. Судалгааны багийнхан тухайн орон нутагт байсан сүм хийдийн тухай дурсамж дуртгал ярьж чадах хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж, хар зургийг нь гаргуулахын зэрэгцээ газарзүйн байршлыг тогтоож, гэрэл зургаар баримтжуулсан. Олон сүм хийд өдгөө ул мөргүй алга болсон байхад зарим нь туурь төдий үлдсэн байна.
-Ямар ч байсан Монголын бурхны шашны түүх нэг иймэрхүү зам мөрөөр явж иржээ гэдэг дүр зураг цахим “архивт” хадгалагдаж. Цаашид үүнийг илүү дэлгэрүүлэх, хүмүүст хүргэх чиглэлээр хэн, ямар ажил хийх юм бол?
-Монголын урлагийн зөвлөлийнхөн энэ тухайгаа танилцуулахаар нэгдүгээр сард хэвлэлийн хурал хийсэн. Цаашид үүнийгээ илүү боловсронгуй болгох чиглэлээр хаана хаанаа ажиллах болов уу гэж найдаж байгаа. Яагаад гэвэл энэ бүх аман түүхийг 100 хувь үнэн гэж хэлэх аргагүй. Тиймээс дутуу дулимаг зүйл байгаа бол нөхөж гүйцээхийг хүссэн хүмүүс холбогдож байгаасай гэж боддог. Монголын Бурхны шашны түүх, соёлын төлөөх энэ том ажлыг дуусгахад бүхий л сэтгэл зүрхээрээ дэмжин оролцсон гадаад, дотоодын олон байгууллага, хувь хүн байгаа. Танай сониноор дамжуулж тэдэнд талархлаа илэрхийлмээр байна.
Л.ГАНЧИМЭГ