Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)- ийнхөн Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийнхантай хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг 1998 оноос хойш орон нутгуудад хэрэгжүүлж ирсэн билээ. Төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс засал, Хагалгааны нэгдсэн тасаг, Хүүхдийн зөвлөх поликлиникийнхэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүрэх боломжгүй, алслагдсан аймаг, сумуудад очиж, шүд, эрүү, нүүрний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийдэг юм. Тэд энэ удаад “Эмпайр дентал” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 20-26-нд ажиллахаар болжээ. Ингэхдээ мөн ойролцоох аймаг, сумын хүүхэд, насанд хүрэгчдэд ч эрүү, нүүрний төрөлхийн согог, шүдний олдмол гажиг, архаг, хурц үрэвслийн эмчилгээ, мэс засал хийх гэнэ. “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийнхөн эдгээр нарийн мэргэжлийн эмчилгээ, хагалгааг орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй хийдэг бөгөөд энэ үеэрээ тухайн аймаг, сумын эмч нарыг ч шүд, эрүү, нүүрний мэс заслын чиглэлээр дадлага, сургалтуудад хамруулдаг байна. Ташрамд дурдахад, Өвөрхангайн Нэгдсэн эмнэлэгт болох энэ удаагийн хүмүүнлэгийн арга хэмжээ нь төслийн багийнхны 1998 оноос хойших 102 дахь үйл ажиллагаа аж.
О.Оргилох