Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
Уртын дуу цуурайтсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ Монгол Улсын төрийн есөн хөлт цагаан тугийг хүндэтгэлтэйгээр залж, эх оронч сэтгэл, үндэсний бахархал, түүх, соёлоо дээдлэн хүндэтгэх төрийн их ёслол үйлдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх баяр наадмыг албан ёсоор нээж, ард түмэндээ хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр Монгол төрийн түүхэн уламжлал, тусгаар тогтнолын үнэт зүйлс, ард иргэдийн эв санааны нэгдэл, улс орны хөгжил дэвшлийн чухлыг онцлон тэмдэглэлээ.
Ийнхүү түүх, соёл, уламжлалаараа бахархсан монгол түмэн эв нэгдлээ бэлгэдэн, төрт ёсоо дээдлэн, Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Эх оронч сэтгэл, үндэсний бахархал бидний үнэт өв билээ. Тиймээс өвөг дээдсийн үлдээсэн өв соёлоо нандигнан хамгаалж, үндэсний бахархлаа үеийн үед мандуулж явах нь монгол хүн бүрийн үүрэг хариуцлага билээ.