Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд МУЭ-ийн шагналт зураач Н.Лхагвасүрэн “Журааны ертөнц” үзэсгэлэнгээ нээгээд буй юм. Жураан гэдэг нь түүний багын, эцэг, эх нь өхөөрдөж, зураасан нүдтэй гэсэн санаагаар өгсөн нэр аж.
Тэрбээр зурах нэг хэрэг, харин барьж урлах бас нэгэн сорилт юм гэж үздэг тул сүүлийн 20-иод жилд байгальд мориор аялахдаа үзэж харснаасаа төрсөн сэтгэгдлээ хүрэл баримлаар илэрхийлэхийг зорьжээ. Сэтгэлдээ төрсөн дүрс, хэлбэрүүдийг гаргах гэж долоон жил, харин өмнөд хөршид цутгуулах гэж нэг жил ажилласнаа үзэгчдэд танилцуулж эхлээд байна. Хүмүүс, мал, ан амьтад, тэдгээрийн харц, хөдөлгөөн гээд бурхан, чөтгөр хоёрын хоорондох орон зайд юу байдаг, тэр бүхнийг дүрсэлсэн хэмээн зураач ярьжээ.
Мөн тэрбээр “Зүрх сэтгэлээс төрсөн бүхэн үнэн байдаг. Бүтээл туурвилтай хүн мөнхөрдөг. Хөдөлмөр, цаг хугацаа зориулж гаргасан бүхэн үнэн байдаг гэдгийг бүтээлүүдээрээ илэрхийлэхийг хүссэн юм” гэлээ. Үзэсгэлэн ирэх сарын 4 хүртэл үргэлжилнэ.
Ташрамд дуулгахад, зураач 1999 онд МУЭ-ийн шагнал хүртсэн бөгөөд Төрийн ордны гуравдугаар давхарт залаастай байдаг “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийн эзэн юм.