Манай улсад ахисан түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэх буюу магистр, докторын хөтөлбөрөөр дагнан хичээллэх анхны их сургууль ирэх намраас сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
Чадварлаг боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээний байгууллагын хуримтлуулсан нөөц, туршлагыг ашиглах зорилгоор Засгийн газар Шинжлэх ухааны академид түшиглэн ахисан түвшний их сургууль (UMAS) байгуулах санаачилгыг 2023 оны наймдугаар сард гаргаж байж. Үүнээс хойш БНХАУ,БНСУ-ын шинжлэх ухааны байгууллагууд болон ижил чиглэлийн их сургуулиудтай хамтран ажиллаж, туршлага солилцон, сургалтын бааз сууриа хангаснаар элсэгчдээ хүлээж авахад бэлэн болжээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын даргаД.Баттогтох “Олон эрдэмтэн, судлаачийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Монголд анх удаа төрийн өмчийн, ахисан түвшний их сургууль байгуулах зөвшөөрлөө албан ёсоор авлаа” гэж мэдэгдсэн бол ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга А.Саруулзаяа “Монгол залуус өмнө нь гадаадын улсад суралцдаг байсан чиглэлээрээ дотооддоо мэргэших боломж бүрдлээ. Жишээ нь, цэвдэг судлаачид магистр, докторын хөтөлбөрт хамрагдахын тулд өөр улс орныг зорих шаардлагагүй болж байна” хэмээв. Эл сургууль нь төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагуудын бааз суурьт 100 хувь тулгуурлаж буюу тэдгээр дэх сургалтын танхим, лаборатори, судлаач, мэргэжилтнүүдэд түшиглэхээрээ онцлог гэнэ. Өөрөөр хэлбэл, уламжлалт их сургуулиуд шиг тусгай барилга, байгууламж, лаборатори, лекцийн танхим шинээр байгуулахгүйгээр үйл ажиллагааг нь явуулах аж.
Н.Мишээл