НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамнаас гаргасан “Багийн бага сургууль” санаачилгыг “ХААН банк” ХК, “Монполимет” групп, “Номин холдинг” ХХК дэмжин 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болжээ. Талууд энэ талаарх хамтын ажиллагааны баримт бичигт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан байна. Үүний үр дүнд эхний ээлжид Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн алслагдсан таван багт 370 гаруй хүүхдийн багтаамжтай бага сургууль байгуулах нөхцөл бүрджээ.
Монгол Улсын хэмжээнд 1575 баг байгаагаас 44 нь л бага сургуультай гэнэ. Энэ нь маш хангалтгүй, чамлалттай үзүүлэлт гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийнхан дурджээ. Жил бүр ойролцоогоор 36 мянган хүүхэд ерөнхий боловсрол эзэмшихийн тулд ямар ч сонголтгүйгээр гэрээсээ хол, дотуур байр, төрөл садныдаа амьдарч байгаа нь хүүхэд хамгааллын төдийгүй нийгмийн тулгамдсан асуудал гэдгийг олон улсын байгууллагынхан онцлов.
“Багийн бага сургууль” санаачилга нь алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд чанартай, хүртээмжтэй, хамгийн гол нь тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн бага боловсролыг тэдэнд ээлтэйгээр хүргэх зорилготой аж. Хувийн хэвшлийнхний дэмжлэг, хөрөнгө оруулалтаар цаашид уг санаачилгыг өргөжүүлж, илүү олон сургууль байгуулахаар зорьж буйг хэрэгжүүлэгчид нь хэлэв.
Н.Мишээл