ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн технологийн ангийн оюутнууд багштайгаа хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Ухаалаг хөтөч” аппликэйшн хөгжүүлжээ. Тодруулбал, зөвхөн гар утасны камер ашиглан орчны дүрсийг боловсруулж, аудио хэлбэрээр мэдээлэл өгдөг системийг тэд зохион бүтээсэн аж. Хэрэглэгч очих газраа хэлснээр тухайн байршилд хүрэх тохиромжтой чиглэлийг тооцоолж, урд нь байгаа объектуудыг (гарц, гэрлэн дохио, замын эвдрэл, шонгийн мод, тэмдэг, тэмдэглэгээ) хиймэл оюуны тусламжтай танин, аудио зааварчилгааг монгол хэлээр хүргэх гэнэ. Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэн бие даан, аюулгүй зорчих боломж бүрдэнэ хэмээн зохион бүтээгчид онцолсон. Уг систем нь Монгол орны орчин нөхцөлд тохирсон, нэмэлт төхөөрөмж шаардахгүй, дуу хоолойгоор удирдах боломжтой гэдгээрээ давуу талтай.
“Ухаалаг хөтөч”-ийн мэдээлэл хүргэх функцууд нь 85-90 хувийн нарийвчлалтай ажилладаг аж. Хөгжүүлэлтийн багийнхан уг бүтээлээ 10 орчим уралдаанд сойсон бөгөөд БНХАУын Чиндао хотод болсон “Youth innovation and entrepreneurship” олон улсын старт-ап тэмцээнээс мөнгөн шагнал хүртжээ. ШУТИСийн МХТС-ийн Мэдээллийн технологийн тэнхимийн ахлах багш, доктор С.Өлзийбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй хоёр залуутай хамт явж байхдаа тэ¬дэнд хэрхэн туслах талаар бодож, уг санааг олсон юм. Тэнхимийн багш, оюутнуудтайгаа хамтран өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхлэн системийг хөгжүүлж, 2025 оны тавдугаар сард дууссан боловч ашиглалтад оруулахын тулд серверийн болон хүний нөөцийн зардал шаардлагатай тул эцсийн бү тээгдэхүүн болж хараахан гараагүй байна. Эл хугацаанд ШУТИС, МХТС-ийн хамт олон биднийг оффисоор хангаж, менежментийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Багийн гишүүд болох М.Түмэн-Аюуш, С.Батмөнх, Ч.Мичидгоо нар энэ хавар сургуулиа төгссөн ч тэдний дараагийн үеийнхэн уг ажлыг залгамжлан хөгжүүлнэ” хэмээсэн.
Дэлхий дахинд харааны бэрхшээлтэй 43 сая орчим иргэн байгаагаас 17 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Эдгээр хүний хөдөлмөр эрхлэлт жил бүр 20 хувиар буурч байгаа юм. Манайд харааны бэрхшээлтэй иргэдийн 95 хувь нь цагаан таяг ашиглаж буй бөгөөд үүнийг дээрх системээр орлуулах боломжтой гэнэ.
Д.Сэлэнгэ