Сүүлийн жилүүдэд Эр-Рияд хот дэлхийн цахим спортын хамгийн том тайз болж хувираад байна. Саудын Араб нь уг спортод их хэмжээний хөрөнгө оруулаад зогсохгүй шилдэг баг, тамирчид, шагналын асар өндөр сан, нэр хүндтэй ивээн тэтгэгчдийг нэгтгэсэн томоохон сүлжээг бий болгожээ.
2022: ЭХНИЙ АЛХАМ
2022 онд Эр-Риядад болсон “Gamers8” их наадам нь цахим спортын арга хэмжээнүүдийн хувьд шинэ стандартыг тогтоосон юм. Найман долоо хоногийн туршид багууд Dota 2, Rocket League, Fortnite, Rainbow Six Siege, PUBG Mobile гэсэн таван төрлөөр өрсөлдсөн агаад 15 сая ам.долларын шагналын сан нь цахим спортын түүхэнд урьд өмнө дуулдаагүй өндөр дүн байлаа.
Эдгээр тэмцээнээс хамгийн онцгой нь Dota 2 төрлөөр болсон дөрвөн сая ам.долларын шагналын сантай Riyadh Masters байв. Эл тэмцээнд PSG.LGD, Team Spirit, Team Secret, OG тэргүүтэй дэлхийн шилдэг 10 баг оролцож, финалд Хятадын PSG.LGD баг Team Spirit-ийг 2:0-ийн харьцаатай ялснаар аваргалж байлаа. Харин FURIA Esports баг Rocket League, Vampire Esports баг PUBG Mobile, TSM баг Fortnite тоглоомын төрөлд түрүүлсэн.
Уг наадмыг 1.4 сая хүн Саудын Арабт ирж үзсэн бол телевизээр 132 сая үзэгч үзсэн гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн тэмцээнээс гадна J Balvin нарын дэлхийн оддын концерт, хуучны тоглоомын тусгай бүс, косплей шоу, сургалт зэрэг олон арга хэмжээ явагдсан юм.
2023: “БААТРУУДЫН БАЯР”
2023 онд “Gamers8” арга хэмжээ нь нэрээ өөрчлөн “Land of Heroes” болсноос гадна илүү өргөн цар хүрээнд явагдав. Тухайлбал, шагналын санг 38.5 сая ам.долларт хүрсэн бол тэмцээний төрлийн тоо 13 болж нэмэгдсэний дотор Dota 2, Fortnite, Rocket League, Rainbow Six Siege, PUBG Mobile, CS:GO, Tekken 7, StarCraft II, Street Fighter 6, PUBG, FIFA, Rennsport, Brood War зэрэг тоглоом багтаж байлаа. Нийт 15 сая ам.долларын шагналын сантай Dota 2 (Ri¬yadh Masters) төрөлд Team Spirit аваргалжээ. Түүнчлэн Boulevard Riyadh City-д байгуулсан ордон болон цоо шинэ барилгууд, Japamura сэдэвчилсэн бүс зэрэг олон дэд бүтэц нь олны гайхширлыг төрүүлж байлаа. Imagine Dragons, Macklemore, Алан Уолкер зэрэг дэлхийн хэмжээний оддын концерт болж, Adidas, PepsiCo, Razer тэргүүтэй томоохон брэндүүд ивээн тэтгэгчээр оролцов.
Э.Манлайбаатар
2024: ШИНЭ ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Өнгөрсөн жил тус арга хэмжээ нь Esports World Cup нэртэй болж, Саудын Арабын үндэсний амбицын нэг гол арга хэмжээ болж өргөжив. Долоодугаар сарын 3-наас наймдугаар сарын 25-ны хооронд League of Legends, Valo¬rant, Counter-Strike, Mobile Legends: Bang Bang зэрэг 22 төрлөөр 23 уралдаан тэмцээн болжээ. Шагналын сангийн хэмжээ 60 сая ам.долларт хүрснээс 20 саяыг нь багуудад олгов. Нийлбэр дүнгээр Falcons баг тэргүүлж, шагналын долоон сая ам.долларыг нь ханхүү Мухаммед ибн Салман өөрийн биеэр гардуулсан юм.
Эл тэмцээнд зориулж тус улс 60 мянган м.кв талбайд SEF Arena, Amazon Arena, stc Arena болон сонгон шалгаруулалтын бүс гэсэн дөрвөн том ордныг барьсан. Тэмцээнийг дэлхий даяар 500 сая хүн үзэж, ивээн тэтгэгчээр Sony, Tencent, Amazon ажилласан байна. Зөвхөн тэмцээнээс гадна концерт, технологийн шоу, үзэсгэлэн зэрэг нийт 32 арга хэмжээ болжээ.
2025 ОНД ЮУ БОЛОХ ВЭ
Цахим спортын дөрөв дэх удаагийн ДАШТ өчигдөр эхэлсэн бөгөөд 70 сая ам.долларын шагналын сан, 25 төрөл бүхий цахим спортын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ болох юм. VR ордон, 8К формат бүхий шууд дамжуулалт зэрэг нь улам олон үзэгчийг татах нь дамжиггүй. Ийнхүү Эр-Рияд хот дэлхийн цахим спортын нийслэл хэмээх нэрээ улам баталгаажуулсаар байна. Сонирхуулахад, энэ жилийн тэмцээний нэг элч төлөөлөгч нь нэрт хөлбөмбөгч К.Роналду юм.
Эцэст өгүүлэхэд цахим спортын салбар нь 2030 он гэхэд 13 тэрбум ам.долларын орлого олж, 39 мянган ажлын байрыг бий болгох төлөвтэй байна.