Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт орших Гүнжийн нүдэн нуурын ус хүлцэх хэмжээнээс давсан бохирдолтой, стандартын шаардлага хангахгүй байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ. Иймд тухайн бүсийн оршин суугчдыг урин дулааны улиралд нуурт сэлэхгүй, ялангуяа бага насны хүүхдүүдийг оруулахгүй, усыг нь унд, ахуйн зориулалтаар шууд хэрэглэхгүй байхыг анхааруулав. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон Туул голын сав газрын захиргаа, “Бид Туул голын¬хон” төрийн бус байгууллагынхан Гүнжийн нүдэн нуурыг хамгаалах аяныг өнгөрсөн хавраас хамтран өрнүүлж буй. Нуурын урсац бүрэлдэх талбай, ундарга хэсгийг нь хамгаалах, хог хаягдалгүй болгох ажлуудыг хийж байгаа. Үүний зэрэгцээ бохирдол, доройтлын түвшнийг нь тогтоож, экосистемийг нь одоогийнхоос дордуулахгүйн тулд нуурын уснаас дээж авч Усны хяналтын төв лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээгээр аммонийн хүчил, нитрат, сульфат, хлорид, магни стандартад заасан хүлцэх хэмжээнээс өндөр, усны орчин, ерөнхий хатуулаг ашиглалтын шаардлага хангахгүй гэж гарчээ.
Н.Мишээл