Зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдүүдийн өдөр тутмын идэвхтэй амьдралын хэв маяг алдагдаж, гар утас, дэлгэцийн хэрэглээ нь огцом нэмэгддэг. Улмаар нойрны хэмнэл алдагдах, хөдөлгөөний дутагдалд орох зэрэг бие махбодын болон сэтгэл зүйн сөрөг дадал зуршилд автдаг аж. Энэ байдал нь эцэг, эхчүүдийн хувьд ч санаа зовох бас нэгэн асуудал болдог. Угтаа бол зуны амралт нь сурагчдын хувьд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхээс гадна бие даах чадварт суралцах, эрүүл дадал зуршил хэвшүүлэх, өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломжийг олгодог хамгийн үнэ цэнтэй цаг хугацаа юм. Тиймээс Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдэд зуны амралтаа хэрхэн үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд нь туслах “цэс”-ийг хуваалцаж байна.
ХЭЛТЭЙ БОЛ ХӨЛТЭЙ
Техник, технологи хурдацтай хөгжиж буй XXI зуунд хүн бүрийн эзэмших ёстой чухал чадваруудын нэг бол гадаад хэлний мэдлэг юм. Энэ нь зөвхөн боловсролын түвшинд бус, ажил, амьдралд ч хэрэгтэй ур чадварт тооцогддог. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь гадаад хэл сургахад анхаарч, төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт хамруулах нь ихэсжээ. Ялангуяа гар утас, дэлгэцээс хол, вакум орчинд сургахыг илүүд үздэг болсон.
Үүнийг дагаад гадаад хэлний сургалтын төв олширч, олон улсын стандартад нийцсэн, чанартай, үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Сурагчдын олонх нь англи, хятад, солонгос хэлний сургалтад хамрагддаг аж. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сургалтын төвүүдийн хөтөлбөр ихэнхдээ 7-21 хоногийн сонголттой. Төлбөрийн хувьд үргэлжлэх хугацаа, хэлний түвшин, сургалтын төвийн байршил зэргээс хамаараад 550 000-1 650 000 төгрөг байна. Харин бага насны хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөртэй сургалт харьцангуй хямд буюу 350 000-1 000 000 төгрөг хүртэлх үнэтэй аж.
ӨВ СОЁЛЫН ӨРТӨӨ
Монгол өв уламжлалаа эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой зуслангууд сүүлийн жилүүдэд ихэсжээ. Энэ төрлийн зуслангууд хүүхдүүдийн гар утасны хэрэглээг багасгах, монгол ахуй соёлтой танилцуулах, бие дааж сургах, хүмүүжил төлөвшилд нь эергээр нөлөөлөх зэрэг олон давуу талтай юм. Мөн нүүдэлчдийн өдөр тутмын ахуй амьдралд тулгуурласан хөтөлбөртэйгөөрөө онцлог. Тухайлбал, Архангай, Өмнөговь аймаг, Баянзүрх дүүрэгт салбартай “Хөдөлмөр” зуслан гэхэд амрагч хүүхдүүдээр ногоо тариулах, аргал түүлгэх, хоол хийлгэх, мал адгуулах, сур элдүүлэх зэрэг сонирхолтой олон “ажил” хийлгэдэг аж. Мөн ардын уламжлалт тоглоом наадгай ч заадаг.
Энэ зусланг аймаг, дүүргийн засаг захиргааны байгууллагынхан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран ажиллуулдаг гэнэ. Өмнөговь аймаг дахь “Хөдөлмөр” зуслан орон нутгийн хүүхдүүдийг тав хоног үнэгүй амраадаг. Харин нөгөө хоёрынх нь долоо хоногийн төлбөр 350-400 мянган төгрөг байна. Мөн хийсэн ажлаа үнэлүүлж цалинтай амрах боломжийг ч хүүхдүүдэд олгодог гэнэ.
БИЕ БЯЛДРАА ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Зуны урин дулаан өдрүүдэд хүүхдүүдийн бие бялдрыг хөгжлийг дэмжих, сэтгэл санааг сэргээх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол усанд сэлэх юм. Усанд сэлэлт нь биеийн бүх булчинг жигд хөгжүүлэхээс гадна зүрх, уушгины үйл ажиллагааг сайжруулж, дархлааг дэмжин, стресс тайлж, сэтгэл санааг сэргээх төдийгүй сахилга бат, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг олон талын ашиг тустай.
Улаанбаатар хотод хувийн болон улсын 20 гаруй усан сан, сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Одоо тогтмол үйл ажиллагаа явуулж буй нь Баянзүрх болон Хан-Уул дүүргийн Усан спорт, сургалтын төв, “Орчлон” спорт, эрүүл мэндийн клуб аж. Усанд сэлэлтийн сургалтад сууснаар анхан шатны чадвараас эхлээд ахисан түвшин хүртэлх ур чадварыг эзэмших боломжтой аж. Төлбөрийн хувьд дунджаар 200-500 мянган төгрөг байна. Эрчимжүүлсэн хөтөлбөр нь илүү үнэтэй. Эдгээр усан сангийн цагийн төлбөр нь насанд хүрэгчдэд 10-15, хүүхдэд 8-10 мянган төгрөг аж. Ихэнх нь ажлын өдрүүдэд 10.00-21.00, амралтын өдрүүдэд 11.00-21.00 цагийн хооронд ажиллах хуваарьтай. Усан спорт, сургалтын төв буюу бидний нэрлэж заншсанаар Төв бассейн ирэх сарын 15-ныг хүртэл засвартай байгаа гэнэ.
НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ
Хичээл хийх, ном уншихад хамгийн чухал нь орчин байдаг. Чимээгүй, тав тухтай орчинд хүн анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг бөгөөд энэ үед уншсан зүйлээ хамгийн сайн ойлгодог гэнэ. Ном унших нь хүүхдийн төсөөлөн бодох чадвар, хэлний баялаг, мэдлэгийн хүрээг нэмэгдүүлж, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлдэг. Олон төрлийн номоос өөрийн сонирхолд нийцсэн бүтээлийг олж уншихад тохиромжтой газар бол яах аргагүй номын сан. Хичээл сургууль амарсан энэ үед ч нийслэл дэх томоохон номын сангууд хэвийн ажиллаж байна. Тухайлбал, Монголын үндэсний номын сан ажлын өдрүүдэд 10.00-22.00, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан 09.00-17.00, Хүүхдийн төв номын сан 10.00-18.00 цагт ажиллаж байгаа аж. Эдгээр номын санд анх удаа очих гэж байгаа бол иргэний үнэмлэх, цээж зургийн хамт 6000 төргийн хураамж төлөөд уншигчийн үнэмлэх нээлгэх шаардлагатайг анхааруулъя.
Ц.Цэнд-Аюуш