Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар дараах зүйлсийг хэлэлцсэнийг өчигдөр мэдээллээ. Өнөө жилийн наадмыг зохион байгуулахад нэн түрүүнд монгол хүний оюун санааны дархлаа, үндэстний нэгдмэл байдал, төрт ёсны утга учрын үнэ цэнийг алдагдуулахгүйгээр, ёс заншил, өв соёлоо нягт хадгалахад онцгойлон анхаарна гэв. Ингэхдээ сүүлийн үеийн техник, технологийн дэвшил, дрон зэргийг ашиглан, олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ тал бүрээс нь харуулахыг зорьж байгаа аж.
Баяр наадмын нээлт, хаалтын бэлтгэл, Хүй долоон худаг дахь морин уралдааны зам, бусад тохижилтын ажил 80 хувьтай үргэлжилж байгааг албаныхан хэллээ. Тэр дундаа Японы Эзэн хаан манай улсад айлчлахтай холбоотойгоор наадмын нээлт болон төрийн хүндэтгэлийн тоглолтын утга агуулгад ихээхэн ач холбогдол өгч, зохион байгуулалт, аюулгүй байдалд нь онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Жил бүрийн долоодугаар сарын 11-нийг Дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс дэмжиж, баталсан билээ. Энэ нь адууны соёл, нүүдэлчний бахархлыг дэлхий дахинд таниулах чухал алхам болсон тул баяр наадмын хөтөлбөрт морьтой үзүүлбэр, түүний хийморь сүлдийг илэрхийлсэн агуулгыг түлхүү тусгахыг холбогдох салбар хорооны удирдлагуудад үүрэг болгосон байна. Мөн наадмын нээлт, хаалтын ёслолыг 21 аймгийн төв талбайд дэлгэцээр шууд дамжуулахаар ажиллаж буй гэнэ.
Ташрамд дурдахад, наадмын нээлтийн болон бөхийн барилдаан, бусад үзвэрийн тасалбарыг өнөөдрөөс эхлэн www.enaadam.mn цахим хуудсаар худалдана. Харин үдшийн баярын тоглолтын тасалбарыг иргэд www.ticket.mn-ээр захиалан авах боломжтой. Нэг хүнд хоёроос илүүгүй тасалбар худалдах ч өмнөх жилүү¬ дийнх шиг наадмын билет “шагчид”-ын гарт орохгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй байгаа юм.
М.Гэгээ