Сүхбаатарын талбайд өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг дэд байрт шалгарч, дэлхийн медальтнуудтай мөр зэрэгцэх болсон. Улаанбаатарт анх удаа хөл тавьсан Ази, Европын шилдгүүдийг буулган авч, Монголд багийн спорт эрчимтэй хөгжиж буйг харуулав. Тэднийг хүндхэн учраануудаа хожиж, шагналын тавцанд зогсоход ард нь зааж, зөвлөн чиглүүлсэн эрхэм бол Канад улсын иргэн, шигшээ багийн дасгалжуулагч Стив Сир байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар түүнийг “Найрамдал” одонгоор шагнаж, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчдыг Гавьяат тамирчин цол хүртээсэн билээ. Тамирчдыг спорт сонирхогчидтой ялалт, амжилтын баяраа хуваалцаж байх үед дасгалжуулагч Стив Сиртэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг ДАШТ-д сойхдоо ямар арга барил, техникээр тоглуулж, амжилтад хүргэснээ сонирхуулаач.
-Дасгалжуулагчийн хувьд тэднийг байж болох бүх боломжоор нь дайчилж, бэлтгэлийг өмнөхөөс нь илүү хүнд байлгасан. Тэгж байж ДАШТ-д ХБНГУ, АНУ, БНХАУ, Польшийн шилдэг багтай өрсөлдөх чадвартай болно. Тиймээс сургуулилалтыг тэмцээний адил амаргүй, хүндхэн сорилт байх ёстой гэж үзсэн. Хичээл зүтгэлийг нь үнэлүүлэхийн тулд охидоор хүнд бэлтгэл хийлгүүлсэн. Тэд ч шаргуу хичээсэн. Өрсөлдөх багуудын тоглох арга барил, онцлогийг нь судлах, тамирчдынх нь сэтгэл зүйн байдлыг мэдэх зэргээр стратегийн бэлтгэл хийж, шаардлагатай үед мэдээлэл өгч, хамгийн сайнаараа тоглох боломжийг бүрдүүлэхийг бодсон юм.
-Бусад орны шигшээтэй харьцуулахад Монголын эмэгтэй тоглогчдаас ямар ялгаа анзаарагдсан бэ?
-Монголын шигшээ багийн хувьд тоглогчдын хүрээ хязгаарлагдмал. АНУ, Канад улс шиг сонгоод авах олон тоглогчтой биш. Тиймээс байгаа тоглогчдоо хөгжүүлж, ур чадварыг нь сайжруулан өөрсдийнхөө хамгийн сайн хувилбар болтол нь бэлтгэх хэрэгтэй болсон. Шинэ тамирчдыг солих боломжтой томоохон багуудын эсрэг тоглоход манай баг нэлээд тогтвортой байдаг. Тэднийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд сайн ажиллах ёстой. Бид гурван жилийн өмнөх ДАШТ-д Египетийн багийг нэг л удаа хожиж байсан. Хоёр жилийн өмнөх тэмцээнээс огт хожилгүй ирж байлаа. Харин энэ удаа зургаан хожил авч, финалд шалгарсан нь тамирчдын маань уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
-Мөнгөн медаль авахад хүргэсэн таны тактик юу байв?
-Багуудтай өрсөлдөх тоглолтдоо сайтар бэлдэж төвлөрсөн. Энэ тэмцээнд медаль авах гэж бус, тоглолт бүрдээ хамгийн сайн байх зорилготой оролцсон. Тиймээс Бразилын шигшээтэй хийх эхний тоглолтдоо л төвлөрч байлаа. Тэр тоглолтод охид маань ялсан. Дараагийн алхам нь Испанийн багтай хийх тоглолтдоо бэлдэх байв. Харин үүний дараа Герман, Украины тамирчдыг судалж, бэлтгэл хийсэн юм. Ингэснээр бид дараагийн шатанд гарах боломжтой болно. Тиймээс бид зөвхөн тоглолт тус бүрдээ анхаарал хандуулсан. Түүнээс биш Канадын багтай тоглох уу, үгүй юү гэдгийг огт бодоогүй. Зөвхөн яг одоо тоглох багийг хэрхэн ялах вэ гэдэгт илүү анхаарсан даа.
-Та өмнө нь өөр улсад дасгалжуулагчаар ажиллаж байсан юм билээ.
-Монголд ирэхээс өмнө Канадад 3х3 сагсан бөмбөг тоглохын зэрэгцээ дасгалжуулагчаар ажилласан. Миний хувьд туршлагатай салбар гэх үү дээ. Монголын эмэгтэй тамирчидтай ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна.
-Хойшид багийнхаа энэ бүрэлдэхүүнтэй тэмцээнд оролцох уу. Шинэ тоглогч нэмэх төлөвлөгөө бий юу?
-Одоогоор сайн мэдэхгүй байна. Цаг нь ирэхээр харна даа.
-Польшийн багтай өрнүүлсэн тоглолт аваргын төлөө өрсөлдөх, эсэхийг шийдвэрлэх мөч байлаа. Ширүүхэн өрсөлдөөнд ялалт байгуулахын тулд та хэрхэнтоглуулахыг зорив?
-Өмнөх багуудтай хийсэн тоглолттой адил тактик хэрэглэсэн. Польшийн шигшээг сайн судалсан. Хэрэв тууштай, шаргуу тоглож чадвал ашиглах боломжтой хэдэн сул тал байна гэж үзсэн юм. Гэхдээ хүнд тоглолт болох нь тодорхой байв. Учир нь Польшийн тоглогчид сайн, ур чадвартай, бас биерхүү өндөр. Гэхдээ бидний хандлага өөрчлөгдөөгүй. Зүгээр тоглолтдоо л анхаарсан. Хэрвээ бид өөрийн хийх ёстой зүйлээ хийж, байгаа бүх нөөц боломжоороо тогловол финалд өрсөлдөх боломжтой гэж итгэсэн. Миний хувьд багийнхандаа алхам тутамдаа юу хийх ёстойг анхааруулж, дахин дахин сануулан эхний хоёр минутад төвлөр гэж зөвлөсөн. Учир нь тоглолтын эхний хоёр минутад эсрэг багийнхан ширүүхэн өрсөлдөж, хамгаалалтаа сайжруулж шахаад эхэлнэ. Гэхдээ өөрсдийн байр сууриа хамгаалж төвлөр, зоригтой бай. Хэрвээ эхний хоёр минутын дараа зүгээр байвал бид чадна гэж захисан. Тиймээс олон юм бодолгүй, өөртөө итгэлтэй болгох зүйлд анхаар. Зүгээр л эхний хоёр минутад анхаарч, хамтдаа хамгийн сайнаараа тогло. Бидэнд тоглох хэдэн тоглолт бий. Тэгээд завсарлага авна. Үүний дараа дараагийн хоёр минутад анхааръя гэж хэлсэн.
-Монголчууд таны ажлын үр дүнг маш их үнэлж байна. Энэ талаар ямар бодолтой байгаа сэтгэгдлээ хуваалцаач.
-Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчдын ард түмнийх нь төлөө хийсэн зүйлдээ маш их бахархаж байна. Энэ бүх зүйл тэдэнд ямар их утга учиртайг би мэдэж байгаа. Би Монголд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Хүмүүсийн харж чадахгүй олон зүйлийг бид хийсэн. Ямар ч камер, дуу хураагуургүй зааланд ороод шидэлт хийж, хамгаалалт дээр ажиллаж, би тэдэн рүү хашхираад л өдөр бүр жижиг зүйлсэд анхаарал хандуулсан. Хүмүүсийн тэр бүр харж чаддаггүй жижиг зүйлс ч амжилтад хүргэдэг.
Тэд хэний ч хүрч чадаагүй амжилтад хүрлээ. Монгол хүн бүр бахархан, урам авч, эерэг хандлагаар хүлээж авах ёстой. Монголд спорт, тэр дундаа сагсан бөмбөг хөгжиж байна. Залуучуудын хувьд энэ бол том боломж. Шаргуу хөдөлмөрөөр амьдралд юу өөрчилж болохыг, багийн ажиллагаа ямар үнэ цэнтэй болохыг ойлгосон байх. Тамирчдын хувьд ч хилийн дээс алхаж, өөрийгөө хөгжүүлэх, гайхамшигтай дурсамж бүтээх боломжуудыг бий болгож буй. Спорт бол гайхалтай. Энэ салбарт маш олон залуус ийм боломжийг бий болгохоор уйгагүй хөдөлмөрлөж байна. Тиймээс энэ бол баярлах ёстой зүйл юм.
-Ирээдүйн зорилго тань юу вэ. Олимп гэж харж байна уу?
-Энэ бол том зорилго шүү дээ. Бид үүнээс илүү сайжрах уу, 2028 онд Лос-Анжелесын олимпын наадамд өрсөлдөхийн төлөө хичээж чадах уу. Ийм том зорилгыг биелүүлэхийн тулд урагшлах замдаа олон жижиг зорилт тавих хэрэгтэй.
Дөрвөн жилийн дараах зорилго хол санагдаж болох ч ДАШТ-ий мөнгөн медаль тууштай зүтгэх урам өгсөн. Бид сүүлийн хоёр жилд Азийн АШТ-ий хүрэл, ДАШТ-ий мөнгөн медаль авснаар том ахиц гаргалаа. Бид сайжрахыг зорьсон учраас л энэ хүртэл ирээд байна. Үүнийгээ цаашид ч үргэлжлүүлнэ.
-Монгол Улсын төрийн тэргүүн “Найрамдал” одонгооршагнах үед танд ямарсэтгэгдэл төрсөн бэ?
-Эмэгтэй тамирчдаараа их бахархсан. Тэд онцгой зүйлд хүрч чадлаа. Хүмүүс тэднийг хүлээн зөвшөөрч, хичээл зүтгэлийг нь үнэлж байна. Өнгөрсөн долоо хоногт ДАШТ-д гаргасан тэдний амжилтыг улс даяараа тэмдэглэхийгхараад онцгой мэдрэмж төрсөн. Тэд гайхалтай амжилт гаргасан сайн баг. Монгол Улсын Ерөнхийлөгч тэднийг дэмжиж буй олны баяр хөөр, бахархлын талаар охидод сайхан үг хэлсэн. Засгийн газрын дээд түвшинд охидын хөдөлмөрийг үнэлж, тэднийг найз нөхөд, гэр бүл нь угтан авч, баяр хүргэж байгааг харлаа. Тэдний хувьдонцгой өдөр тохиож байна. Олон хүнд ийм зүйл тохиохгүй шүү дээ. Дөрвөн тамирчин маань өөрийн хүч, хөдөлмөрөөр олны хайр, хүндлэлийг хүртлээ.