Нэгэн иргэн эхээсээ төөрсөн нялх янзага олж, ундаалж буй дүрс бичлэг сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд тархсан. Үүнийг үзсэн нэг хэсэг нь сайн санаат иргэний үйлдлийг зөвтгөсөн бол зарим нь цэвдэг сэтгэлтэй анчид л эх рүү нь буу шагайснаас нялх амьтанийн ганцаар үлдсэн гэж буруутныг эрж буй.
Эхээсээ төөрсөн, бэртэж гэмтсэн, өлдөж харангадсан нялх төл олж, асран хамгаалж буй талаараа иргэд сүүлийн үед энэ мэтчилэн мэдээлэх нь олширсон. Гэтэл үүний дийлэнх нь ташаа ойлголтоос үүдэлтэй байгалийн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг МУИС-ийнбагш, хөхтөн судлаач Н.Батсайхан сүүлийн үйл явдлаар жишээлэн тайлбарлав.
Туруутан амьтад нялх төлөө дагуулах болон нуух гэсэн хоёр аргаар ангуучдаас хамгаалдаг гэнэ. “Дайсан”-ыг мэдрэх, зугтаах чадвар хөгжөөгүй нялх үеднь шигүү, модлог ургамалтай, мөшгөх боломж хомс далд газруудад төлөө түлхүү орхидог бөгөөд үнэр, дуу авиагаар нь баримжаалан өдөрт хэд хэдэн удаа очиж хөхүүлдэг аж. Манай орны ойт бүсэд тархан нутагладаг халиун буга, хандгай, бор гөрөөс, хүдэр зэрэг туруутан амьтад гэхэд үр төлөө 2-3 долоо хоног нууж, хамгаалдаг нь судалгаагаар тогтоогджээ. Гэтэл хүмүүс үүнийг мэддэггүйгээс нялх амьтдыг аврах нэрийдлээр эхээс нь холдуулж, төөрүүлж орхидог ажээ. Судлаач Н.Батсайхан“Төрүүлсэн үрээ төөрүүлж орхидог амьтан хүнээс өөр үгүй. Ангуучдаас нуугдан, сүүнд явсан эхийгээ тэвчээртэйгээр хүлээн хяран хэвтэж буй нялх төлд бүү гар хүр, бүү төөрүүл. Таны үнэр шингэвэл эх нь түүнийг голж мэднэ” хэмээн анхааруулав.
Ж.Сувд