ЦЕГ-ын удирдлагууд ОХУ-ын Буриад улсын Дотоод хэргийн яамныхны урилгаар хоёр талын хамтарсан уулзалт зохион байгуулжээ. Хоёр улсын иргэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ. Түүнээс хойш Буриад улсын нутагт Монгол Улсын иргэд гэмт халдлагад өртөж хохирсон болон гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон талаар энэ үеэр ярилцсан байна. Буриадад манай улсын иргэд зэвсэгт халдлагад өртөн дээрэмдүүлж, хутга, бууны шарх авч байсан тохиолдол бий. Тиймээс хойд хөршийнхөн манай талтай энэ талаар хамтарсан уулзалт зохион байгуулахаар болсон аж.
Хоёр улсын иргэд визгүй зорчиж эхлэснээс хойш давхардсан тоогоор манай 500 мянга орчим иргэн Буриадад зорчиж, 13 хүн захиргааны зөрчил гаргасан байна. Энэ хугацаанд хоёр улсын иргэд, тэр дундаа монголчууд гол төлөв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүс зүүхгүй хөдөлгөөнд оролцох, даатгалд хамрагдахгүй байх зэрэг зөрчил дутагдал гаргадаг аж. Хоёр тал цаашид харилцан зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Энэ уулзалтад манай талаас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, Гадаад харилцааны хэлтсийн дарга, хурандаа Г.Бадарч, Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ү.Зоригтбаатар, Монгол Улсаас ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганболд, дэд консул Г.Жаргалсайхан нар оролцсон бол Буриадын талаас тус улсын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч А.Е.Чепик удирдаж, Дотоод хэргийн сайд, хошууч генерал О.Ф. Кудинов, Эдийн засгийн сайд Т.Г.Думнова болон бусад хил хамгаалах, цагаачлалын албадын дарга нар оролцсон байна.