Булган аймгийн Гурван булаг сумд 1923 онд Чүлтэмийн хоёр дахь хүү нь болж мэндэлсэн хөвгүүн бол Ч.Найдан юм. Тэрбээр 1933 онд Архангайн Хашаат сумын бага, Цэцэрлэг сумын дунд сургуульд онц дүнтэй суралцаж VIII ангиа дүүргэжээ. Түүнчлэн Улаанбаатар хотод багшийн сургуулийн босгоор алхаж, улаан дипломтой төгссөн байна. 1943 онд 20 настайдаа цэргийн албанд мордон, халагдаж ирээд хилийн цэргийн төв сургуульд элсжээ. 1946 оны наймдугаар сард дэслэгч цолоор шагнуулсан таван сурагчийн нэг нь болж, сургуульдаа биеийн тамирын багшаар ажилласан юм. Төв сургуулийн II курст сурч байхдаа Шинжлэх ухааны химийн хүрээлэнд бичээчээр ажилладаг Д.Цэрэнлхам хэмээх бүсгүйтэй танилцаж, 1947 онд гэрлэснээр таван сайхан хүүхдийн эцэг, эх болжээ. Тэрбээр өвөл нь цанын туг сүлжилт, трамплинаас харайх, тэшүүрийн ойрын зай, бөмбөгтэй хоккей, гимнастик, бокс, зун нь хөл бөмбөг, волейбол, хөнгөн атлетик, хүндийг өргөлтийн тэмцээнд оролцож спортод гаргах амжилтаараа бусдаас давуу байв. Биеийн тамир, спортын улсын хорооноос 1950 онд цанын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болж түрүүлсэн тамирчинд “Чемпион” цол олгох зар түгээснээр цаначид тэмцээнд бэлдэж эхэлжээ. Тэмцээн болоход тэднээс Ч.Найдан, ХААДС-ийн багш С.Цэрэндаш нар ана мана уралдав. Ч.Найдан түүнээс нэлээд хол зайд тасран түрүүлж “Чемпион” цол хүртсэн тэр өдрөөс хүмүүс “Чемпион Найдан” хэмээн нэрлэх болжээ. Тэрбээр дараа жил нь туг сүлжилт, трамплины харайлтад түрүүлэн дээд амжилт тогтоосон нь өнөө ч хэвээр үлдсэн. 1951 онд биеийн тамирын сургуульд суралцахаар хойд хөршид хөл тавив. Тус сургуулийг спортын гимнас тикийн I, хөнгөн атлетик, бага калибрын буудлагын III зэрэгтэй тамирчин төдийгүй дасгалжуулагч мэргэжлээр төгсөж ирээд Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллажээ. Улаанбаатар хотод 1957 онд хөнгөн атлетикийн олон улсын тэмцээн болж, түүний бэлтгэсэн олон шавь амжилт үзүүлж, дотоодын амжилтыг шинэчилсэн юм. Ч.Найдангийн нэг онцлог нь сургууль, үйлдвэрийн газруудаар явж тамирчид сонгон авч, тэдэнтэй нэг бүрчлэн тулж ажилладаг байв. Хөнгөн атлетикийн бэлтгэл сургалтын төлөвлөлт, тэмцээн уралдааны дүрэм, амжилтын үнэлгээний талаар дөрвөн ном бичин хэвлүүлж хот, орон нутагт биеийн тамирын байр, спортын талбай байгуулах, бэлтгэл сургалт явуулах талаар заавар зөвлөгөө өгч олны талархлыг хүлээжээ.
ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТАМИРЧДЫГ ОЛОН УЛСАД ӨРСӨЛДӨХ ХЭМЖЭЭНД ХҮРГЭВ
Ч.Найдан нь хөнгөн атлетикийн спортод шинэ хуудас нээсэн анхны марафонч. Түүний энэ спортын хөгжилд оруулсан хувь нэмэр их. Манай улсад 1950-иад оны дунд үеэс спортын дасгал хөдөлгөөн идэвхжиж, 1960 оны долоодугаар сарын 19-нд Монголын хөнгөн атлетик сонирхогчдын холбоог байгуулахад анхны хурлаар хэлэлцэн ерөнхийлөгчөөр нь Д.Дэмчигийг, нарийн бичгийн даргаар нь улсын шигшээ багийн дасгалжуулагч Ч.Найданг сонгожээ. Тэрбээр Японд болсон “Токио 1964” зуны олимпын наадмын нээлтийн ёслолд оролцсон Монголын багийн анхны тугчаар сонгогдсон түүхтэй. Манай улс олимпод чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетикийн төрөлд 21 тамирчин оролцуулахаар илгээв. Япон улс 1940 онд зуны олимпын наадмыг хүлээн авах байсан ч дэлхийн II дайны улмаас цуцлагдаж, зохион байгуулах эрхийг нь Финландын Хельсинки хотод шилжүүлжээ. Япончууд олимп зохион байгуулах мөрөөдлөө 24 жилийн дараа Токиод ийн биелүүлсэн аж. Тэнд аравдугаар сарын 10-24 хүртэл үргэлжилсэн 18 дахь удаагийн олимпод 93 орон тамирч даа оролцуулсны тоонд Монгол Улс багтсан юм. Цэнхэр гаргийн спортын дэвжээнд хөл тавьсан манайхны хувьд олимп тухайн үед цоо шинэ олон улсын тэмцээн төдийгүй Япон улс харь холын орон байлаа. Түүний удирдлагад олимпын хөнгөн атлетикийн төрөлд Рамазаны Алдааныш, Дуламын Амарсанаа (400, 800 метрийн гүйлт), Дашзэвэгийн Намжилмаа (зээрэнцэгшидэлт) нар оролцож, анхныжимийг гаргасан билээ. Эмэгтэйчүүдийн 400 метрийн зайн гүйлтэд Австралийн тамирчин Бэтти Катберг (52.0) алт, Британийн Энн Пакер (52.2) мөнгө, Австрийн Жудит Амори (53 секунд 04 доль) хүрэл медаль хүртэж, Монголын Р.Алдааныш (нэг минут, 08 секунд) 21 дүгээр байр эзэлсэн юм. Эрэгтэйчүүдийн 800 метрийн зайн гүйлтэд Шинэ Зеландын тамирчин Питер Снелл (1.45.1) түрүүлж, Канадын Уильям Кротерс (1.45.6) удаалан Кенийн Уильсон Кипругут (1.45.9) хү рэл медаль гардсан бол Монголын Д.Амарсанаа (1.56.3) 42 дугаар байрт оржээ. Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн тэмцээнд Тамараа Пресс (ЗХУ 57 метр 27 см), Ингрид Лоц (Герман 57 метр 21 см), Лиа Манолу (Румын 56 метр 97см) нар эхний гурван байрт шалгарч, Д.Намжилмаа (Монгол 44 метр 55 см) 16-д жагссан байна. Ч.Найдан дасгалжуулагчийн барьж жагссан тэрхүү түүхэн туг, гэрэл зургийн дурсамжуудыг өдгөө МҮОХ-ны Олимпын музейд тусгайлан алдаршуулж, хойч үеийн тамирчдад үлгэр дуурайл болгон хадгалж буй. ОУОХ болон Японы зохион байгуулах хорооны албан ёсны баримтат дүрс бичлэгт Монголын баг тамирчдын цэнгэлдэхэд орж ирж буй ховор агшин үлджээ. Олимпын наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг нээсэн хөтлөгч “Mongolia” хэмээн зарлахад үзэгчид алга ташин “Чингис Чингис” хэмээн хашхирч байсан гэдэг. Үүнээс өмнө дасгалжуулагч Ч.Найдан тэднийг Индонезийн Жакарта хотод 1963 онд зохион байгуулсан хөгжиж буй орнуудын спортын наадамд сойсон нь хэрэг болж, Токиод эхлэх олимпын өмнөх гол томоохон бэлтгэл болжээ. Японоос ирснийхээ дараа Монгол, Орос, Хятад гурван улсын нөхөрсөг тэмцээнд шигшээ багаа тогтмол оролцуулан тамирчидтай нь бэлтгэл хийлгэж, туршлага солилцуулдаг байв. Тэрбээр дасгалжуулагчийн хувьд олон улсынхаас гадна дотоодын тэмцээний системийг анх бий болгож бүрдүүлсэн. Улаанбаатарт 1963 онд болсон хөнгөн атлетикийн УАШТ, Монголын бүх ард түмний спартакиад наадмын зохион байгуулаг чаар ажилласнаар хөнгөн атлетикийн шигшээ багийнхан дотоодын дээд амжилтыг шинэчлэн олон улсын тавцанд медаль хүртэж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байна.
ШИГШЭЭ БАГИЙНХАНД УХААНААР УРАЛДАХ ТАКТИК ЗААСАН НЬ
Ч.Найдан дасгалжуулагч шигшээ багийн тамирчдадаа зөвлөхдөө зөвхөн техникийн зааварчилгаа өгөхөөс гадна сэтгэл зүйг нь жолоодох, урам зориг өгөх, амьдралын ухаанд сургахыг урьтал болгодог байжээ. Шавь нар нь хожим түүнийг “Аав шиг минь түшигтэй, үг бүр нь сэтгэлд хоногшиж, зүрхэнд хүрдэг” хэмээн өгүүлсэн байдаг. Дэлхийн тэмцээнд анх оролцож буй тамирчдаа гадаадын шилдгүүдээс сүрдэхэд багш нь тайвшруулж “Тэд ч гэсэн чамтай адилхан хоёр хөлтэй, хоёр гартай. Тэднээс айх хэрэггүй, чи өөрийнхөө хийсэн бэлтгэлийг л бүрэн гарга” гэж зоригжуулдаг байжээ. Хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг тамирчдын амжилтминут, секунд, долиор хэмжигддэг. Тиймээс тэрбээр шигшээ багийнханд “Хөнгөн атлетик бол секундийг зуу, мянга хувааж хэмждэг спорт. Бэлтгэлээс нэг минут хоцрох нь тэмцээнд нэг секундээр хоцрохын эхлэл” хэмээн цаг баримтлах, сахилга баттай байхыг байнга сануулдаг байв. Сэтгэлээр унах, эсвэл бэлтгэлээ таслах үед нь “Спорт хүнд авьяасаас илүү хөдөлмөрч занг бэлэглэдэг. Өнөөдөр чи залхуурвал маргааш өрсөлдөгч чинь чамаас нэг алхам түрүүлнэ” гэдэг байж. Харин гүйлтийн тамирчдад “Булчингаар биш, ухаанаар уралд. Эхний тойрогт хамаг хүчээ битгий бар. Бусдын хурдыг ажигла, тактикийг нь хар. Тэгээд сүүлчийн 100 метрт бүхнээ гаргаж гүй” хэмээн уралдааны явцад хурдаа хэрхэн хуваарилах ухааныг заадаг байсан гэдэг. Шидэлтийн тамирчдад хүчнээс гадна биеийн уян хатан байдал, өнцгөө зөв мэдрэхийг зөвлөж “Зөвхөн гараараа бус, бүх биеийнхээ эрч хүчийг хурууныхаа үзүүрт цуглуулж шид” хэмээн техникийг нарийн зөвлөдөг байв. Харин амьдралын суурь хүмүүжил, спортоос үлдэх хүн чанарын тухай шавь нартаа “Тамирчны замнал богино байдаг юм. Спортоос явах цагт чамд медаль биш, эндээс олж авсан тэсвэр хатуужил, зөв хүмүүжил чинь тусална. Тиймээс хамгийн түрүүнд зөв хүн бай” гэж захисан нь түүнийг зөвхөн дасгалжуулагч бус, гайхалтай сурган хүмүүжүүлэгч байсныг илтгэдэг.
Багшийнхаа зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж амжилтад хүрсэн шавь нарынх нь дурсамж яриа цөөнгүй бий.Д.Намжилмаа тамирчин залуу байхдаа бэлтгэлийн хүнд ачааллаас болж шантарч, зээрэнцэг шидэлтийн техник нь сайн сууж өгөхгүй сэтгэлээр унах үе олон байжээ. Нэг удаа Туул голын элсэн дээрх хүнд бэлтгэлийн дараа багшдаа “Би чадахгүй юм шиг байна” гэж хэлэхэд түүнд “Шидэлт гэдэг зөвхөн булчингийн хүч биш, элсэн дээр зогсож буй мэт бат бөх тэвчээр юм. Чи өнөөдөр элсэн дээр тэнцвэрээ олж сурвал, маргааш тэмцээний хатуу цемент дээр хэнийг ч дагуулахгүй” гэж хэлжээ. Түүний тэнцвэр болон тэвчээрийн тухай зөвлөснийг Д.Намжилмаа амьдралынхаа турш санаж, бэлтгэлээ тууштай хийсний үр дүнд “Токио 1964”-т 17, “Мехико 1968” олимпод амжилтаа ахиулан дэлхийн шилдэг 12 тамирч ны нэг болсон юм.
БАГШИЙН ЗАХИАС “ДЭЛХИЙН ТАМИРЧДААС БҮҮ СҮРД”
“Токио 1964” олимпын тэмцээнд Д.Намжилмаа Европын өндөр биерхүү шидэгчдийг хараад их сандрахад Ч.Найдан “Тэднийг хараад сүрдэх хэрэггүй. Олимп бол хэн томрохыг бус, хэн техниктээ үнэнч, сэтгэл зүйгээ удирдаж чадсаныг шалгадаг газар. Чи бэлтгэл дээр юу сурсан, тэрийгээ л хий” гэж зөвлөжээ. Түүний үг шавийг нь таагүй бодлоос холдуулж, олимпын түүхэн дэх анхны шидэлтийг амжилттай гүйцэтгэх итгэл өгсөн аж. Тэрбээр шавьдаа ирээдүйн амьдралынх нь замыг зааж, дасгалжуулагч болох суурийг нь ч мөн тавив. Д.Намжилмаад “Чи зөвхөн өөрөө шидээд зогсохгүй, хожим энэ спортыг авч явах дараагийн үеэ бэлтгэх нь зүйтэй” гэж урам өгдөг байжээ. Шавь нь багшийнхаа захиасыг амьдралынхаа гол зорилго болгож, хожим хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар олон жил ажилласан даа.
Монголын хөнгөн атлетикийн ойрын болон дундын зайн гүйлтийн тамирчдаас Р.Алдааныш багшийгаа “Хүнийг таньж, урам зоригоор жигүүрлэдэг, нөмөртэй өгөөмөр хүн байсан даа” хэмээн онцлон дурссан. Түүний 20 гаруй жилийн замналдаа 36 удаа улсын дээд амжилтыг эвдэж, дотоодын оролцсон тэмцээн бүрдээ алтан медаль хүртдэг гайхалтай амжилтынх нь суурийг Ч.Найдан дасгал жуулагч тавьжээ. Гавьяат тамирчин Р.Алдааныш спортын талбарт анх хөл тавихдаа гүйлт бус, өөр төрлийг сонирхдог байжээ. Харин багш нь анх хараад “Чи яг гүйлтийн хүн, тэр тусмаа дундын зайд Монголын нэрийг гаргах охин байна” хэмээн хэлсэн нь түүнийг хөнгөн атлетикийн спорттой эргэлт буцалтгүй нөхөрлүүлж, хэтийн зорилгоо биелүүлэхэд их нөлөөлсөн гэдэг. Түүнийг эмэгтэйчүүдийн 400, 800 метрийн зайд хурд сорихоор дэлхийн шилдгүүдтэй гарааны шугамд зогсоход багш нь “Миний охин, чи аль хэдийн Монголын түүхэнд анхдагч болчихсон. Тэд чамаас хурдан байж болох ч чам шиг эх орныхоо түүхийг анхлан бичиж буй зориг зүрх байхгүй. Зүгээр л өөрийнхөө хэмнэлээр бардам гүй” гэжээ. Багшийнхаа сэтгэл зүйн дэмжлэгийн хүчинд тэрбээр олимпын замд сандралгүй уралдаж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр энэ тухай “Багш бэлтгэлийн үед өндөр шаардлага тавьдаг ч тамирчдаа хэзээ ч буруутгаж, урмыг нь хугалдаггүй байв. Зөвлөж хэлэх нь хатуу зэмлэл бус, хайр дүүрэн ухаарал байсан. Миний уралдааны цагийг минут, секундээр нь хувааж харуулаад чи эхний 200 метрт ийм алдаа гаргасан. Дараагийн удаа үүнийг засна шүү” гэж шинжлэх ухаанч байдлаар зөвлөх нь намайг дахин ялах хүсэлтэй болгодог байлаа. Багш намайг олимпын замд хөтлөн оруулсан “Спортын аав” байсан. Түү ний заасан тэсвэр хатуужил, хөдөлмөрч зангаар 20 гаруй жил гүйлтийн замд амжилтаа ахиулж, аваргаа хамгаалсан” хэмээн бахархан дурссан. Харин эрэгтэйчүүдийн 400, 800 м-ийн зайд хурд сорьсон ОУХМ Д.Амарсанаа багшийнхаа тухай сонирхолтой дурсамжаас хуваалцахдаа “Ч.Найдан багш Монголын анхны марафончдын нэг байсан тул гүйхийн зовлонг маш сайн мэддэг. Бэлтгэл дээр зүгээр нэг шүгэл үлээж зогсохгүй, бидэнтэй хамт кросст гүйж, амьсгалаа хэрхэн авах, хөлөө яаж зөв тавихыг биеэрээ үлгэрлэн зааж, үзүүлдэг сэн. Токиогийн олимпын тосгонд дэлхийн алдартай тамирчдыг хараад эмээхэд багш намайг дагуулан алхаж “Энэ зам ч гэсэн Улаанбаатарын цэнгэлдэхийн талбайн замтай адилхан урттай. Гүйлтийн замд хэн нэгний нэр хүнд биш, зөвхөн бэлтгэл л ярьдаг юм” гэж хэлсэн нь уралдаандаа анхаарлаа бүрэн хандуулахад нь тусалжээ.
ШАВЬ НАРАА ТИВ, ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЛГОСОН АНХНЫ АЛХАМ
Түүний удирдлагад хөнгөн атлетикаар хи чээллэсэн унаган шавь нараас Т.Цэрэндолгор 1959 онд Олон улсын залуучуудын анхдугаар наадамд оролцон, шидэлтийн төрөлд түрүүлжээ. Энэ нь Монголын хөнгөн атлетикчдын олон улсын наадмаас авсан анхны медаль байв. Дараа нь социалист орнуудын армийн тэмцээн БНАСАУ-д 1961 онд болоход бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртэж, амжилтаа бататгажээ. Шавь нь 2019 онд 81 насандаа Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнуулав. Тэрбээр тухайн жил Польшийн Торунь хотод зохион байгуулсан хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д шидэлтийн төрөлднэгалт,дөрвөнмөнгөнмедальхүртсэнээр тив, дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг болжээ.
Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн 15 удаагийн аварга, улсын дээд амжилтыг 18 удаа ахиулсан тэрбээр багшийнхаа тухай “Энэ спортод шилдэг тамирчдыг бэлтгэсэн хүн бол дасгалжуулагч Ч.Найдан. Би 1958 онд Хүн эмнэлгийн техникумын II курсийн оюутан байлаа. Нэг өдөр багш шидэлтийн төрөлд тамирчид сонгохоор манай сургууль дээр ирэв. Самбарын урд зогссон оюутнуудаас өндөр, биерхүү найман охиныг сонгоход би багтсан. Өвөрхангай аймгийн Уянга сумаас ирсэн надад анх хичээллэхэд шантрах зүйл маш их байлаа. Шидэлтийн төрөлд надтай хамт долоон охин бэлтгэл хийсэн ч шантраад гарсан. Намайг яг гарах гэхэд багшийн хэлсэн үг зоригжуулж, тууштай үргэлжлүүлэх суурь болж билээ. Хөнгөн атлетикийн гүйлт, харайлт, шидэлтийн төрөл тусдаа дасгалжуулагчтай байх ёстой. Тэрбээр Орост суралцаж ирснийхээ дараа энэ спортын бүх зүйлийг бидэнд заасан чадварлаг мэргэжилтэн байсан юм. Багшийнхаа заасан бүхнийг хичээж сурсны ачаар шидэлтийн техникүүдийг өөрийнх болтол эзэмшсэн” хэмээн өгүүлсэн.
Д.Намжилмаа “Мехико 1968” олимпын бэлтгэл хангасны үр дүнд амжилтаа ахиулан 50.76 метр шидэж, дэлхийн шилдэг 12 тамирчны нэгээр шалгарсан нь тухайн үед өндөр үзүүлэлт байв. Тус олимпод хөнгөн атлетикийн төрөлд манай улсаас оролцсон ганц тамирчин нь тэр байсан. Монгол Улс 1962 онд ОУОХ-ны гишүүн болсноос хойш зургаан жилийн дараа хоёр дахь олимпдоо оролцохдоо дөрвөн медальтантай болж, багаараа 34 дүгээр байрт жагссан. Тэрбээр хожим багшийнхаа зөвлөснөөр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийг 1997 онд үүсгэн байгуулж, салбартаа спортын боловсон хүчин болон мэргэжлийн тамирчдыг бэлтгэдэг болсон. Зээрэнцэг шидэлтээр Ази тивийн аваргаар тодорсон тэрбээр 2005 онд Гавьяат тамирчин цол хүртсэн юм. Гүйлтийн тамирчдаас Р.Алдааныш эмэгтэйчүүдийн 800 метрийн зайд (хоёр минут 21 секунд 1 доль) амжилт үзүүлж, улсынхаа дээд амжилтыг олон улсын замд шинэчлэн тогтоосон бол Д.Амарсанаа мөн тус зайд (нэг минут 56 секунд 3 доль) олон улсын тэмцээний чансааг ахиулсан билээ.
БЭЛТГЭЛ ХИЙЛГЭХ АРГА БАРИЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОНОЛ, ТЕХНИКИЙГ НЭВТРҮҮЛЖЭЭ
Тэрбээр Монголын хөнгөн атлетикийн холбоог Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд албан ёсны гишүүнээр элсүүлэх, Азийн хөнгөн атлетикийн холбоотой харилцаа тогтоох гадаад харилцааны суурийг тавьсан. Ч.Найдан 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр хөнгөн атлетикийн холбооны удирдах ажил болон онол, арга зүйн чиглэлд илүү ан хаарах болсноор Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийнханд шинжлэх ухааны онол, сахилга бат, сэтгэл зүйг хамтад нь хөгжүүлэх өвөрмөц системийг эх орондоо анх нутагшуулсан. Орчин үеийн хөнгөн атлетикийн бэлтгэл дасгалжуулалтыг Мон голын эрс тэс уур амьсгал, тухайн үеийн нийгмийн нөхцөлд тааруулан хийлгэдэг байв. Тэрбээр хөнгөн атлетикийг хүний суурь хөдөлгөөн гэж үздэг байсан тул бэлтгэлийн эхний шатанд гимнастик, акробатик болон хурд, хүчний ерөнхий дасгалуудыг голчилж, тамирчдынхаа бие бялдрыг бүх талаар жигд хөгжүүлэхэд анхаардаг байж. Тухайн үед гүйлтийн тусгай зориулалтын тартан зам байгаагүй тул тамирчдынхаа тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэхийн тулд Туул голын шугуй, элс, уул толгодоор гүйлгэж, байгалийн хүнд нөхцөлд бэлтгэл хийлгэдэг байжээ. Секунд, миллимет рийн нарийвчлал энэ спортод амжилт гаргах тамирчны гол үзүүлэлт. Тиймээс хөнгөн атлетикийг зөвхөн “хурдан гүйх, хол шидэх” биш, секунд хуваах тооцоолол, техникийн нарийн спорт гэдгийг шавь нартаа маш ойлгуулсан. Олон улсын сурах бичиг, Оросын мэргэжилтнүүдийн дасгалжуулалтын арга зүйг судалж, гүйлтийн гарааны техник (нам гараа), шидэлтийн эргэлт, биеийн тэнцвэрээ олох өнцөг зэргийг математик нарийвчлалтайгаар зааж сургасан аж.
Хувийн тэмдэглэл хөтлөх нь тамирчдад байх ёстой бас нэг гол зүйл. Тамирчин бүрд өөрийн гэсэн бэлтгэлийн ачаалал, амжилтын ахицыг тэмдэглэх дэвтэр хөтлүүлж, дүн шинжилгээ хийдэг байсан нь тухайн үедээ маш шинэлэг арга барил байв. Сахилга бат ч мөн чухал. Тиймээс шигшээ багийнхнаас бэлтгэлийн цаг баримтлах дэглэмийг хатуу шаарддаг байжээ. Олимпод оролцох тамирчдаа сэтгэл зүйн хувьд ямар ч дарамт, сандралыг даах чадвартай болгож хүмүүжүүлсэн нь давуу тал болсон юм. Тэмцээнд оролцуулахдаа тамирчдынхаа зайн хуваарилалт, хүчээ хэрхэн зохицуулах (800 метрийн зайд эхний болон сүүлчийн тойрогт хурдаа яаж нэмэх) тактикийг уралдаан бүрийн өмнө тусгайлан боловсруулж өгдөг байжээ.
Тамирчдаа олон улсын жишигт нийцүүлэн сорьж, гадаадын багуудын бэлтгэлийн арга барилыг судлах нь дасгалжуулагчийн ажлын үр дүнг харуулдаг. Ч.Найдан багш тамирчдаа дотоодын тэмцээнээр хязгаарлалгүй, олон улсын тэмцээний, тэр дундаа тухай орон орны уур амьсгалд дасгахыг зорьдог байв. Ингэхийн тулд цагийн зөрүүг тооцоолж, гадаадын орнуудын хамтарсан бэлтгэлд шавь нараа тогтмол хамруулан, тамирчидтай нь хамт уралдуулж, туршлага хуримтлуулсан нь хойшид амжилт гаргах гол хөшүүрэг болсон юм.