Швейцарын Холбооны Улсын Женев хотод өнгөрсөн сарын сүүлчээр болсон Базелийн конвенцын ажлын хэсгийн 15 дугаар хуралдаанаар байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах чиглэлээр бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргаж, үүний хүрээнд хэд хэдэн техникийн удирдамжийг шинэчлэн боловсруулахаар тогтжээ.
Дэлхий дээрх нийт нэхмэл бүтээгдэхүүн (хувцас, даавуу)-ий 70 орчим хувь нь хуванцар гаралтай синтетик ширхэглэг агуулж байгаа нь байгаль орчинд үлэмж бохирдол учруулах эрсдэл дагуулж буйг судлаачид энэ үеэр онцгойлон хөнджээ. 2030 он гэхэд дэлхий дахинд хувцас үйлдвэрлэл 200 тэрбум ширхгээс давах тооцоотой байгаа нь Африкийн болон хөгжиж буй бусад оронд байгаль орчны бохирдолд асар том дарамт учруулах үр нөлөөтэйг ч анхааруулав. Африкийн орнууд нэхмэл бүтээгдэхүүнийг Базелийн конвенцын “Урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авах” (PIC) системд бүртгэж, импортлогч орны зөвшөөрөлгүйгээр хил давуулахгүй байх шаардлагыг энэ үеэр санал дэвшүүлжээ. Хуралдааны үр дүнд цахим хаягдал (E-waste)ыг хилээр тээвэрлэх, ангилах дүрмийг тодорхой болгох, автомашины хар тугалганы хүчлийн болон бусад төрлийн батерей, дугуйн хаягдлыг байгальд ээлтэй устгах удирдамж боловсруулах, мөнхийн химийн бодисууд гэгддэг, хавдар үүсгэх эрсдэлтэй, хөрсөнд уусдаггүй хаягдлын менежментийг чангаруулах, нэхмэлийн хог хаягдалтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах зөвшилцөлд хүрсэн байна.
Ж.Сувд