Сая сая хүн тархины эрүүл мэндээ хамгаалах зорилгоор омега-3 хэрэглэдэг ч шинэ клиник судалгаагаар загасны тос нь альцгеймер өвчний эрсдэлийг бууруулах нөлөөгүй нь тогтоогджээ. Өмнөд Калифорнийн их сургуулийн судлаачид альцгеймерийн өндөр эрсдэлтэй 55-80 насны 365 хүнийг хамруулсан хоёр жилийн хугацаатай түүвэр судалгаа, туршилт хийжээ. Оролцогчид өдөр бүр өндөр тунтай омега-3 бэлдмэл хэрэглэсэн бөгөөд судалгааны явцад энэ нь үнэхээр тархинд хүрч, нугасны шингэн дэх DHA-ийн хэмжээ 17 хувиар нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч ой санамж, танин мэдэхүйн чадвар, альцгеймертэй холбоотой тархины агшилт зэрэг үзүүлэлтэд мэдэгдэхүйц сайн үр нөлөө ажиглагдаагүй гэнэ.
Судалгааны багийн ахлах Хуссейн Нажи Яссин “Альцгеймерээс сэргийлэх ганц ид шидийн арга байдаг ч болоосой гэж бид бүгд хүсдэг. Гэвч энэ судалгаагаар загасны тосны нэмэлт дангаараа тархийг хамгаалдаг гэсэн нотолгоо олдсонгүй” хэмээн мэдэгджээ. Альцгеймерээс урьдчилан сэргийлэх зорилгоор омега-3 нэмэлт уух нь үр дүнтэй гэдгийг энэ туршилт баталж чадаагүй ч загасны тос хүнд ямар ч ашиггүй гэсэн үг биш гэдгийг эцэст нь сануулсан байна. Омега-3 нь зүрх, судасны эрүүл мэнд, цусан дахь триглицерид бууруулах, арьс гоо сайханд тустай гээд олон талт ашигтайг үгүйсгэж болохгүйг “eBioMedicine” сэтгүүлд нийтэлсэн судалгааны дүгнэлтэд дурджээ.
Л.Ням