“Nvidia” компанийн хиймэл оюуны чип суурилуулсан серверүүдийг хууль бусаар худалдаалсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгах явцад 42.5 сая ам.долларын үнэлгээтэй орон сууцыг битүүмжилжээ. Сингапурын цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг үл хөдлөх хөрөнгийг гэмт хэргийн замаар олсон орлогоор худалдан авсан гэж үзэж буй гэнэ. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж буй анхны тохиолдол энэ болсныг онцолсон юм. Дээрх байшинг худалдан авсантай холбогдуулан “Aperia group” компанийн гүйцэтгэх захирал Вэй Жаолүнг мөнгө угаасан хэрэгт буруутган ялласан аж. Үүнээс гадна түүний банкны дансан дахь нэг сая сингапур долларын хөрөнгийг царцаасан байна. Харин бусад сэжигтэн дэлхийн томоохон үйлдвэрлэгчдээс чип худалдан авсан хэмээн мэдүүлжээ.
Тус харш нь эл улсын өндөр зэрэглэлийн орон сууцын бүсүүдийн нэг болох Ботаникийн цэцэрлэгийн ойролцоо байрладаг аж. “Nvidia”-гийн уг хагас дамжуулагч чип дэлхий дахинаа өндөр эрэлттэй бүтээгдэхүүн төдийгүй АНУ-ын экспортын хяналтад байдаг. Сингапур ийм төрлийн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд хууль бусаар нийлүүлдэг гол улс болсныг Америкийн Хууль зүйн яам өмнө нь мэдээлж байв. АНУ 2022 онд “Nvidia”-гийн дэвшилтэт чипүүдийг Хятад цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй гэх үндэслэлээр экспортын хязгаарлалт тогтоосон юм.
Д.Сэлэнгэ