Сүүлийн жилүүдэд цахим худалдааны платформ, тэр дундаа Хятадын хямд үнэтэй аппликэйшнүүд монголчуудын өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болжээ. 10-20 мянган төгрөгөөр загварлаг хувцас гэрээсээ захиалан авах нь санхүүд хэмнэлттэй мэт санагдавч хэт хямд үнээр, хугацаа хожиж үйлдвэрлэдэг “Fast fashion” буюу түргэн загварын бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд ноцтой эрсдэл уч руулж байгааг олон улсын судалгаагаар хэдийн тогтоожээ. Үүний нэг жишээ нь БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэнд, хүрээлэн буй орчны хүрээлэнгийн лабораторийн шинжилгээ юм. Тус байгууллагаас цахим худалдааны платформуудын хамгийн эрэлттэй хувцас, хүүхдийн бүтээгдэхүүнүүдийг шинжлэхэд фталат зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 428 дахин их илэрчээ. Мөн зарим гутлаас хар тугалганы хэмжээ хүлцэх үзүүлэлтээс 11 дахин их илэрсэн байна.
Фталат нь хуванцар болон полиэстер материалыг уян хатан болгох зорилгоор ашигладаг химийн бодис бөгөөд хүний дааврын тогтолцоог алдагдуулж, үргүйдэл, дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Харин хувцсанд өнгө оруулах, үрчлээ үүсэхээс хамгаалахад хэрэглэдэг формальдегид нь олон төрлийн харшил, үрэвсэл үүсгэхээс гадна ДЭМБ-аас хорт хавдар үүсгэгч бодисын ангилалд багтаасан химийн нэгдэл юм.
“Түргэн хувцас”-ны дийлэнхийг полиэстер, нейлон зэрэг синтетик материалаар үйлдвэрлэдэг. Эдгээрийг угаах болгонд олон сая микропластик буюу бичил хуванцар гадагшилж, усаар дамжин байгаль орчин, далай тэнгис, цаашлаад бидний ундны усанд шингэдэг байна. Нөгөө талаас чанар муутай тул хэдхэн өмсөөд л хэлбэрээ алдаж, хог хаягдалд нэрмээс болох нь. Тиймээс үүний эсрэг хамгийн зөв шийдэл бол чанартай материал бүхий удаан эдэлгээтэй хувцас сонгох явдал юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төдийгүй Монголд ч хуучин хувцасны дэлгүүр буюу “thrift shop” соёл дэлгэрч, залуус чанартай хувцсыг дахин ашиглахыг илүүд үзэх болжээ. Мөн шинэ хувцас авахдаа шошгыг нь уншиж сурах, ноос, ноолуур, органик хөвөн, маалинга болон хулсны мяндас зэрэг байгалийн гаралтай материалыг сонгох нь эрүүл мэндэд төдийгүй байгаль орчинд ээлтэй. Тухайлбал, хулс нь маш хурдан ургадаг, тариалахад химийн бордоо шаарддаггүй тул хамгийн эко ургамал гэнэ. Түүнчлэн бактерийн эсрэг үйлчилгээтэй, хөлс сайн шингээдэг зөөлөн бүтэцтэй байдаг аж.
Монголчууд “Харамч хүн хоёр дахин илүү төлдөг” хэмээдэг. Тэгвэл олон улсад “Бид хямдхан зүйл авахаар баян хүмүүс биш”, эсвэл “Ядуу хүн хоёр дахин төлдөг” гэх мэт хэлц үг бий. Хэт хямд хувцас авснаар бид санхүүгээ хэмнэж буй мэт боловч урт хугацаандаа эрүүл мэндээрээ хохирч, байгаль орчноо сүйтгэн, эцэст нь илүү их зардал гаргахад хүрдэг байна. Тиймээс чанаргүй олон хувцас цуглуулснаас байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн, удаан эдэлгээтэй хувцсыг зөвлөе.
Э.Сондор