БНСУ-ын КОИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжүүлж, тус улсын Асан хотод байрлах Цагдаагийн сургалтын төвд зохион байгуулагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” олон улсын сургалтад ЦЕГ-ын Судалгаа дүн шинжилгээний төвийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Намсрай, тус газрын Сургалтын төвийн ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Гантулга нар оролцжээ.
Сургалтаар Солонгосын эдийн засаг-соёл, Үндэсний цагдаагийн зохион байгуулалт, замын хөдөлгөөний удирдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ, гэмт хэргийг мөрдөн шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага зэрэг чиглэлээр Сөүлийн Их сургууль, Цагдаагийн сургалтын төвийн багш нар нь сургалт явуулсан аж. Мөн энэ үеэр БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын харьяа Цахим гэмт хэрэг мөрдөх, хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулах баг, Сөүл хотын Цагдаагийн газрын Мэдээлэл, шуурхай удирдлага, замын хөдөлгөөний хяналтын төв, Ганнам дүүргийн Цагдаагийн хэсэг, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан байна.
Сургалтад хамрагдсан манай цагдаагийн офицерууд Сөүл хот дахь Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төслийн үйл ажиллагааг нэлээд онцлон анхаарч, цагдаагийн байгууллагаас олон нийтэд туслалцаа үзүүлэн хамтран ажиллах шинэлэг хөтөлбөрүүдээс туршлага болохуйц зүйлийг эх орондоо нутагшуулж болохоор байгааг анзаарсан аж.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” олон улсын сургалтад Бангладеш, Габон, Пакистан зэрэг 12 орны цагдаагийн 20 офицер оролцсон бөгөөд сургалтын төгсгөлд оролцогчдыг долоон багт хувааж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар төсөл хэрэгжүүлэх талаар санал сэтгэгдэлийг нь сонссон аж. Манай офицерууд Иорданыхонтой хамтран олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр илтгэл бэлтгэн хэлэлцүүлсэн нь ихэд талархал хүлээсэн гэнэ.
Энэ талаар хошууч Б.Намсрайгаас тодруулахад “Сургалтаар олж авсан мэдлэг чадвар, сургалтын төгсгөлд бэлтгэж танилцуулсан төсөл нь олон нийтэд түшиглэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, судалгаа, төлөвлөлтийн ажил явуулахад бидэнд ач холбогдлоо өгч байгаа. Тухайлбал, 2014 онд батлагдсан Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын цагдаагийн байгууллагын олон нийттэй хамтран ажиллаж байгаа жишиг, туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Олон улсын сургалтыг зохион байгуулсан КОИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагынханд, сургалтыг биечлэн явуулж, мэдлэгээ хуваалцсан БНСУ-ын Асан хотын Цагдаагийн сургалтын төвийнхөнд талархал илэрхийлье” гэлээ.