Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайд багагүй хэмжээний цианит натри асгарч, хөрсөнд шингэсэн байж болзошгүй тухай мэдээлэл орон нутгийн эх сурвалжууд өглөө. Нуруулдан уусгах технологи ашиглан алт олборлодог тус уурхайд үйлдвэрлэлийн технологийн горим алдагдсанаас ийм байдалд хүрч, гурван кг орчим химийн хорт бодис хөрсөнд шингэсэн бөгөөд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс албаны хүмүүс очиж газар дээр нь ажилласан гэнэ.
Хэдийгээр тус уурхай үйл ажиллагаандаа хор нөлөө багатай цианит натри хэрэглэдэг гэх боловч ямар хэмжээний хор хохирол учирсныг тодруулахаар цагдаа, мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байгаа аж.
Тус уурхайтай холбоотой, хөрсөнд цианит натри шингэж, олон шувуу хортой ус ууж үхсэн дуулиан өнгөрсөн өвөл дэгдэж, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Гэвч тэгсхийгээд намжсан байдаг. Уурхайн ажилчдын болгоомжгүй үйл ажиллагаанаас болж ийнхүү байгаль орчинд хор хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байх зуур Улсын ерөнхий прокурорын эрх бүхий албан тушаалтнууд “Баян-Айраг эксплорэйшн”-ий гадаад захирлуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Харин Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягталж үзээд саяхан сэргээн шалгахаар болжээ.