Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн есөн дүүрэг, 32 агентлаг, хотын Захирагчийн ажлын албаны харьяа 22, аж ахуйн тооцоот 21 байгууллага нийслэлийн ойг угтаж, тус бүр 1-2 ажил санаачлан хэрэгжүүлж буй. Үүний эхлэл болгож өчигдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, хороод, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдав. Тэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуух хог хагядлыг цэвэрлэсэн юм. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчныхоо 50 метр хүртэлх газрыг цэмцийлгэж, идэвхтэй хамрагдсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хэлсэн.
Мөн хот тохижилтын ажилтнууд харьяа дүүргийнхээ үерийн хамгаалалтын далан, шуудуу, барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус зайлуулах хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачиж, замын нуух, автобусны буудал, ТҮЦ-үүдийн гаднах зам талбайг цэвэрлэсэн байна. Харин хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлаа цэвэрлээгүй, хогийн цэгүүдэд тавиагүй бол хариуцлага тооцохоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанынхан мэдэгдлээ.