Томоохон захуудын эргэн тойронд гар дээрх жижиглэн худалдаа хүссэн хүсээгүй бий болдог. Үүнээс болоод хүнсний аюулгүй байдал алдагдаж, иргэд чанаргүй, муудсан бүтээгдэхүүн худалдаж авах нь энүүхэнд. Тэгвэл нийслэлийн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” худалдааны төвийн шинэ байр ашиглалтад орж, олон хүний магнайг тэнийлгэсэн үйл явдал боллоо. 19000 ам метр талбай, 700 автомашины зогсоолтой долоон давхар шинэ барилга нь “Хархорин-3” захын үүрэг гүйцэтгэх юм байна. Ингэснээр 1700 хүн аюулгүй, цэвэр, тохилог орчинд худалдаа эрхлэх таатай нөхцөл бүрджээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “Хорин жил ил задгай худалдаа эрхэлж, өвлийн хүйтэнд даарч, зун нь халж, ар гэрээ авч яваа олон худалдаа эрхлэгчийн хүчээр шинэ худалдааны төв боссонд баяртай байна. Энэхүү төв нь цэвэр, бохир усны системд бүрэн холбогдсон, нийт барилга байгууламжид 38 тэрбум, гаднах тохижилтод 2.5 тэрбум төгрөг зарцуулсан. Эдийн засаг хүндэрсэн өнөө үед иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт энэ боллоо” гэж хэлэв.