“Оюутолгой” компани гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнгөрсөн баасан гаригт танилцууллаа. Тус компани энэ хугацаанд өмнөх улирлаас 8.5 хувиар илүү хүдэр олборложээ. Энэ нь технологийн тээврийн замыг богиносгох, бүтээмж нэмэгдүүлэхээр үе шаттай хэрэгжүүлсэн ажлын үр дүн аж. Бас хүдрийн агуулгатай холбоотойгоор баяжмал дахь зэсийн хэмжээ 1.3 хувиар нэмэгдсэн байна. Харин алтны өндөр агуулгатай хэсгээс олборлох ажил бага зэрэг удааширсан тул баяжмал дахь уг металлын агуулга өмнөх улирлаас 48.5 хувиар буурчээ. Ил уурхайн өндөр агуулгатай хэсгээс олборлолт хийснээр зэс, алтны үйлдвэрлэл дөрөвдүгээр улиралд өсөх таамаг бий гэнэ. “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Есдүгээр сарын байдлаар экспортолсон баяжмалын нийт хэмжээ 1.5 сая тоннд хүрч, өнгөрсөн хоёрдугаар сард нэг сая тонныг нийлүүлсэн амжилтаа улам ахиулж чадлаа” хэмээн ярьжээ. “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани Оюутолгойн ордоос 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт үйлдвэрлэхээр төлөвлөж буй. Тэд зэсийн үйлдвэрлэл дээд, алтных дунд түвшинд байхаар тооцож буй аж.
Өнгөрсөн наймдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд Оюутолгойн ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгсөн болон далд уурхайн бэлтгэл ажлуудыг эхлүүлээд буйг дээрх тайланд бичжээ. Хөрөнгө оруулалтын зардлыг шинэчлэн тооцож буй агаад ирэх оны нэгдүгээр улиралд дуусгах юм байна. “Оюутолгой” төслийн хоёрдугаар шатны санхүүжилтийг энэ онд багтаан эцэслэн, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг 2016 оны хоёрдугаар улирлын эхээр гаргах төлөвтэй гэдгээ ч тайланд дурдсан байв.
Ц.Болормаа