Монгол залуус Солонгост хар ажил хийж олсон хэдээ ар гэрийнхэн рүүгээ шилжүүлдэг. Гэвч монгол залуусынхаа хөлс хүчээ урсган байж олсон хэдийг нь мэхэлж аваад үгүй хийдэг залилагч нар нэг бус удаа гарч, зарим нь шүүхээр шийтгүүлж байлаа.
Ийм нэгэн залилагчийг БНСУ-ын тал захиргааны хариуцлага тооцсоныхоо дараа эх оронд нь шилжүүлээд байгаа аж. Харин өдгөө түүнийг Монголын хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлжээ.
Тэрбээр БНСУ-ын Сөүл хотын “Монгол таун”-д “Капитрон” банктай хамтран “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулсан гэнэ. Улмаар тэнд ажиллаж байсан монголчуудын нэр дээр хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийх нэрийдлээр нутаг нэгтнүүдээ хууран мэхэлж онц их хэмжээний хохирол учруулжээ.
Өдгөө сэжигтэн Э-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Бидэнд олдсон мэдээллээр БНСУ-д ажиллаж байсан 40-50 монгол хүнийг сэжигтэн Э мэхэлж мөнгийг нь авсан байж болзошгүй гэнэ. Түүнд залилуулж хохирсон 20-иод хүн цагдаагийн байгууллагад хандан тайлбар мэдүүлэг өгч, хохирогчоор тогтоогдоод байгаа юм байна.
Дээрх 20-иод хүний хохирлын хэмжээ нь 80 гаруй сая төгрөг болоод буй гэнэ. 2005-2006 оны хооронд БНСУ-д ажиллаж байхдаа “Хадгаламж Кореа” банк бус санхүүгийн байгууллагад хадгаламж нээлгэсэн, ар гэрийнхэн рүүгээ мөнгө гуйвуулах гэж байгаад мэхлүүлсэн хүмүүс байвал МБГ-т очиж тайлбар гаргаж, хохирлоо нэхэмжлэхийг тус газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хүслээ.
Г.РАВЖАА