Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2015” уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 22, 23, 24-нд үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж буй талаар өнөөдөр мэдээллээ.
Хөгжмийн зохиолч Л.Балхжав 1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэйгээр анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо дуунд дуртай үзэгч сонсогчиддоо толилуулсан нь өнөөдрийн “Миний дуунууд” тоглолтын эхлэл болжээ. Энэ Уг тоглолтын онцлог нь хөгжмийн зохиолчийн дууны болон хөгжмийн цоо шинэ уран бүтээлүүдээс гадна шилдэг бүтээлүүд нь үзэгчдэд хүрдэг бөгөөд мөн олон улсын дуучид хүрэлцэн ирж Монголын үзэгчидтэй мэндчилдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев хүрэлцэн ирж хөгжмийн зохиолчийн цоо шинэ уран бүтээл болох “Улаанбаатарын дагина” дуугаа анхлан тайзнаа дуулах бол ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа үзэгчдийн сайн мэдэх “Хатан тэнгэр ижий”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” дуунуудыг оркестр хөгжимтэй хамтран дуулж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Хөгжмийн зохиолч Б.Долгион "Хийсээд алга болдог дуу байдаг бол мөнхөрдөг дуу ч бий. Энэ утгаараа хөгжмийн онолын номоор бол Л.Балхжав сонгодог хөгжмийн зохиолч болчихсон. Өнөөдөр дуучдын гурав дахь үе Л.Балхжавын дуунуудыг дуулж байна. Манай Балхаа хөгжимд үнэхээр дуртай, хөгжимгүйгээр байж чаддаггүй, тийм ч учраас дуун дотроо бялхаж яваа нэгэн" гэлээ.
МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав "Миний дуунууд" тоглолтыг тухайн оноор нь нэрлэдэг болсноос хойш тоглолтонд заавал шинэ дуу оруулах ёстой болчихсон. Зарим жилүүдэд тоглолтонд дуулсан дууны 80 хувийг шинэ дуу эзэлдэг байлаа. Энэ жил тоглолтод дуулах дуунуудыг 50 хувийг 2015 онд хийсэн дуунууд маань эзлэх болно.Үзэгчид шинэ дуунуудын маань анхны сонсогч болдгоороо онцлог байдаг. Яруу найрагчид, хөгжмийн зохиолч, дуучдын хамтарсан уран бүтээлд анхны дүн тавьдаг хүмүүс нь үзэгчид юм. Мэдээж үзэгчдэдээ зориулж олны сэтгэлд хоногшсон дуунуудыг дуулах болно" гэв.
Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг дуучдын хуран чуулах энэ удаагийн тоглолтонд “Чингис хаан” хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, “Ахмадын золбоо” хамтлаг, Оросын Холбооны Буриад Улсын Гавьяат жүжигчин, МУСТА Б.Амархүү, ОХУ-ын дуучин Чингис Раднаев, Влада Комлева, ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА Б.Жавхлантөгс, “Мотив” хамтлагийн дуучин МУСТА Т.Ганбаатар, дуучин Э.Төрмандах, дуучин Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, Ч.Очгэрэл, “S4” хамтлаг, “Universe Best Songs-2015” наадмын Гранпри шагналт Б.Билгүүн, “Хувьсал” продакшны бүжигчид, ҮДБЭЧ-ын найрал хөгжимчид, бүжигчид Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр тус тус оролцоно.
“Миний дуунууд” тоглолтын тасалбар UB Palace-ийн билетын касс, “Hi-Fi” CD Shop-оор худалдаалагдаж, 1900-1188, 1900-1617 үнэгүй хүргэнэ. Мөн www.easyticket.mn сайтаар захиалах бүрэн боломжтой.