Нийслэлийн Авто замын газар хотын төвийн тээврийн хэрэгслийн түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны замыг 19 дүгээр хорооллын арын зорчих хэсэгтэй 1.5 км шинэ замаар холбож, 58 м урт гүүр, 22 м өндөр нүхэн гарц барьснаа өнөөдөр албан ёсоор хүлээлгэж өглөө. Өмнө нь нүхэн гарцыг ашиглалтад оруулсан бол өдгөө 1.5 км явган хүний, унадаг дугуйн болон авто зам, 58 урт гүүрийг нээсэн юм. Энэ сарын 30-нд ашиглалтад оруулах ёстой байсан уг байгууламжуудыг ийн 10 хоногийн өмнө хүлээлгэн өгсөнд иргэд талархаж байв. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Замын ажлыг 2015 оны тавдугаар сард эхлүүлэн, инженерийн олон шийдэлтэйгээр барьж дуусгалаа. Дунд гол дээгүүр 48 метр урт бетонон гүүр, дудааны шугамын хажуугаар мөн 10 метр гүүр, төмөр замын доогуур хос нүхэн гарц, 1.5 км дугуйн болон авто замыг маш богино хугацаанд, чанартай хийж гүйцэтгэсэн. Замын ажлыг эхлүүлэхдээ олон шийдэлтэйгээр төлөвлөсөн нь амжилттай боллоо. Ингэснээр Энхтайваны гүүрийн ачаалал 30 хувиар багасаж, “Хурд” хороолол, 120 мянгат, Зайсангийн иргэд явган хүний болон дугуйн дөт замаар Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэцэрлэгт хүрээлэн рүү зорчих боломж бүрдэж буй. Зам, гүүрийн хэмжээ хэдийгээр богино ч ач холбогдлын хувьд их өргөн” гэж ярив. Нийслэлийн ЗДТГ, НАЗГ цаашид шинээр тавьж буй авто замуудаа бүгдийг нь явган хүний болон дугуйн замтай байхаар төлөвлөн барьж буй юм байна. Тодруулбал, энэ жил Шарга морьтын чиглэлийн 16.3, Гачууртын 11 км зам гээд нийт 30 орчим км дугуйн зам ашиглалтад орох гэнэ. Өнөөдөр нээсэн 1.5 км унадаг дугуйн замын өргөн нь гурван метр, зузаан нь таван см аж.